"Монголын түүхийг өстэй юм шиг нурааж байгаа та нарыг ард түмэн уучлахгүй" гэсэн уриатай жагсаал яг одоо “Байгалийн түүхийн музей”-н гадна талбайд болж байна.
Учир нь энэ оны аравдугаар сард “Байгалийн түүхийн музей”-г нураах тухай Засгийн газрын 280, 281 дүгээр тогтоолыг эсэргүүцэж нэр бүхий зарим иргэд шүүхэд хандсан. Ингэснээр тус музейн барилгыг нураах тендерийг түдгэлзүүлэх анхан шатны шүүхийн шийдвэр гарсан юм.
Гэвч энэ шийдвэрийг БСШУСЯ эсэргүүцэн гомдол гаргаж, давж заалдах шүүхийн шийдвэр яамны талд гарсан билээ. Иймд өнгөрөгч долоо хоногоос эхлэн музейн барилгын дээвэр хэсгийг нурааж эхэлсэн бол өнгөрөгч амралтын өдрүүдэд тус барилгыг тойруулан хашаалж, буулгах ажлыг эхлүүлсэн байдаг.
Өнөөдрийн жагсаалд оролцохоор ирсэн иргэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Төрийн өндөрлөгүүдэд хандан, "Монголын түүхийг өстэй юм шиг нурааж байгаа та нарыг ард түмэн уучлахгүй. Та нарыг дахин сонгохгүй. Та нар түүхээ ингэж нулимж бас үгүй хийж болохгүй. Түүхийн музейг нурааж оронд нь зочид буудаол барих гэж байгаа санаа чинь хэзээ ч бүтэхгүй" гэж уриалав.