Чингэлтэй дүүргийн “Бага тойрог”-ийн явган хүний замд байрлах моддыг тайрсан гэх мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдээр цахим орчинд цацагдаад байсан юм. Энэхүү асуудалтай холбогдуулан Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга М.Баяраа мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “Энэ жил хийх дэд бүтцийн ажлуудтай холбоотойгоор зарим гудамж, зам, талбайд тодорхой хэмжээнд өөрчлөлт гарна. Тухайлбал ногоон байгууламжийг нүүлгэн шилжүүлэх, зам талбайг хуулах зэрэг ажил хийнэ. Аль болох иргэдийн өдөр тутмын амьдралд нөлөөлөхгүй, сөрөг үр дагавар гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллана. Иймээс энэ зун хийх засвар, шинэчлэлийн ажлуудыг танилцуулъя.
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, инженер хангамжийн чиглэлээр 24 байгууллага энэ зуны хугацаанд 644 төсөлт ажлыг хийхээр төлөвлөөд байна. Тухайлбал, “Улаанбаатар дулааны сүлжээ” төрийн өмчит хувьцаат компани нь дулааны гол шугам сүлжээний засварын ажлыг 19 байршилд, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” цахилгаан хангамжийн шугам кабель, дэд станцуудын засвар 13 байршилд, “Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит компани шинээр сувагчлал хийх, сэргээх, засварлах, худаг суурилуулах ажил 18 байршилд, “Барилгын хөгжлийн төв” “Залуус-1” хорооллын дулаан хангамж, Дарь эхийн гэр хорооллыг ариутгах шугамын холболт 2 байршилд, “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар”-т хороолол дотор инженерийн шугам сүлжээний шинэчлэл 8 байршилд, “Ус сувгийн удирдах газар” ус хангамж, ариутгах шугам сүлжээний шинэчлэх, засварлах 13 төсөл арга хэмжээ, хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар, халаалтын зуухны засварын ажил 108 байршилд хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд нийтдээ нийслэлийн есөн дүүрэгт зам талбайн засвар, тохижилт үйлчилгээний 644 арга хэмжээ төлөвлөөд байна. Ажлын үйл явц, танилцуулгыг цаг тухай бүрд нь танилцуулж мэдэгдэх болно.
Цахим орчинд цацагдаад буй Чингэлтэй дүүргийн “Бага тойрог”-ийн явган хүний зам дагуу байрлах долоон ширхэг модыг тайрсан явдал иргэдийг ихээхэн бухимдуулаад буй. Тэгвэл “Бага тойрог”-т байрлах дулааны шугамыг засварлах, өргөтгөх ажлаас үүдэж эдгээр моддыг ийнхүү засаж, тайрсан юм. Өнгөрсөн өвөл гэхэд уг дулааны шугам таван удаа хагарсан. Тиймээс үүнийг зайлшгүй солих шаардлагатай. Энэхүү ажлыг Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж, Эрчим хүчний яамны захиалгаар хийж байгаа” гэж мэдэгдлээ.
Т.Бямбажаргал