Г.Отгонтамир: Нийтийн тээврийн автобус холбогдсон осол өнгөрсөн онд 768, энэ оны эхний дөрвөн сард 252 бүртгэгдсэн

Г.Отгонтамир: Нийтийн тээврийн автобус холбогдсон осол өнгөрсөн онд 768, энэ оны эхний дөрвөн сард 252 бүртгэгдсэн

Тээврийн цагдаагийн албатай хамтран цаг үеийн асуудлаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор хүүхдүүд явганаар хөдөлгөөнд оролцдог, гэрийнхээ ойр орчимд, хотхонд унадаг дугуйтай тоглож харгалзах хүнгүй явж байгаа нь эрсдэлтэй байдал үүсгэж байгаа. 2022 онд гэхэд зам тээврийн ослын улмаас 76 хүүхдийн амь нас хохирсон. Үүнээс таван хүүхэд нь унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцож байгаад амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Харин гэмтсэн 810 хүүхэд байна. Үүнээс мөн 34 хүүхэд нь унадаг дугуйтай явж байсан.

Энэ оны эхний дөрвөн сард зам тээврийн ослын улмаас долоон хүүхдийн амь нас хохирч, 196 хүүхэд гэмтэж, бэртсэн. Нийт 2022 онд нийтийн тээврийн автобус холбогдсон 768 осол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Үүнээс орон нутагт гарсан 17 тохиолдол байгаа. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 252 нийтийн тээврийн автобус осолд холбогдсон. Үүнээс орон нутагт гурван тохиолдол бүртгэгдсэн. Тэгэхээр цагдаагийн байгууллагаас нэг ч гэсэн эрдэнэт хүний амь нас, иргэнийг эрүүл мэндээр хохироохгүйн тулд “Урьтаж ухаар” нөлөөллийн аяны арга хэмжээг зохион байгуулна. Аяны хүрээнд маш олон нөлөөллийн ажил хэрэгжиж байгаа.

Улсын хэмжээнд хандлагаа өөрчилье гэх аяны ажил хэрэгжиж байна. Нийслэлийн хэмжээнд хичээл сургууль тарах гэж буйтай холбогдуулан унадаг дугуй, цахилгаан дугуйн хэрэглээн дээр анхаарал тавьж энэ чиглэлээр бүх ЕБС-тай хамтран ажиллаж байна. Мөн цагдаагийн байгууллагаас явган зорчигч гарц нь дээр мөргүүлэх тохиолдол гарч буйтай холбогдуулан хяналт тавьж ажиллаж байна. Мөн нийтийн тээврийн автобуснуудыг хөдөлгөөнд оролцож буй байдал болон үйлчилгээний соёлын тал дээр хяналт тавин ажиллах болно. Түүнчлэн эцэг эхчүүд урин дулаан болж буйтай холбогдуулан хүүхдээ хараа хяналтгүй орхилгүй болзошгүй эрсдэлүүдээс сэргийлэхийг анхааруулж байна.