БИДНИЙ ТУХАЙ: Ерөнхийлөгч Э.Макроны айлчлалаар Франц улс Монголоос уран олборлох ажлыг түргэсгэж, ирэх намар ажлыг эхлүүлэхээр боллоо

БИДНИЙ ТУХАЙ: Ерөнхийлөгч Э.Макроны айлчлалаар Франц улс Монголоос уран олборлох ажлыг түргэсгэж, ирэх намар ажлыг эхлүүлэхээр боллоо

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэрээ газрын ховор ашигт малтмалын олборлолт, нийлүүлэлт төдийгүй ОХУ, Украины дайны асуудлаар санал солилцсон талаар RFI.PR сайтад мэдээлжээ. 

Тодруулбал, тус хэвлэлд "Франц улс нь цөмийн эрчим хүч үйлдвэрлэгч гол улсуудын нэг хэдий ч түүхий эд, эх үүсвэриийн хувьд Баруун Африкийн орнуудаас хамааралтай. Гэвч сүүлийн үед Африк тивийн бүс нутгуудад улс төр, нийгмийн эмх замбараагүй байдал үүссэн нь Франц улс ураны эх үүсвэргүй болох вий гэх болгоомжлол төрүүлж буй нь мэдээж. Тэгвэл Э.Макрон Монгол Улсад хийсэн төрийн айлчлалынхаа үеэр газрын ховор ашигт малтмалын олборлолт, нийлүүлэлтийн талаар хэлэлцсэн бөгөөд хоёр орны хамтарсан тунхаглал гаргаж, Франц Улс цөмийн реакторууддаа ураны шинэ эх үүсвэр олж чадлаа" хэмээн бичсэн байна.  

Мөн Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Монголын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хамтран гаргасан 18 зүйл бүхий тунхаг бичигт “Улс төр, эдийн засаг, худалдаа, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх” хэмээн онцолсон.

Энэхүү хамтарсан тунхаглалыг сайтар нягталбал, “Зөөвч-Овоо хамтарсан төслийн хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг түргэсгэж, намар дуусгах” гэж буй. Тодруулбал, дээр дурдсан Зөөвч-Овоо нь Францын “Орано групп(хуучнаар Арева)” болон Монголын "Мон-Атом" компанийн хамтран хэрэгжүүлж байгаа “Бадрах Энержи” компанийн уран олборлох төсөл юм. Зөөвч-Овоо орд нь 54 мянга гаруй тонн ураны баталгаажсан нөөцтэйг дэлхийн цөмийн холбооноос тогтоож, мэдээлж байжээ. Франц улсад одоогоор нийт 56 реактор бүхий 18 атомын цахилгаан станц бий. Энэ тоо ирээдүйд нэмэгдэхийн хэрээр Францын ураны хэрэгцээ маш их болно. Үүгээр ч зогсохгүй шинэ асуудлууд гарч ирж байгаагийн нэг нь ОХУ болон Украины дайн бөгөөд тус дайнаас үүдсэн эрчим хүчний хангамжийн асуудал Францын талд хүнд тусч буй. “Connaissance des Energies” сайтын мэдээллээр Франц Улс одоогийн цөмийн түлшний хэрэгцээгээ хангахын тулд жилд 8000-9000 тонн уран шаардлагатай. Харин энэ тохиолдолд Франц өөрийн гэсэн ураны ордгүй учир импортод түшиглэхээс өөр аргагүй байгаа юм. Их долоогийн нэг Франц үлсын Ерөнхийлөгч Э.Макрон Монгол улсад хийсэн төрийн айлчлалынхаа үеэр уран олборох ажлыг түргэвчлүүлж, энэ намартаа багтаан үйлдвэрлэлээ эхлүүлэхээр төлөвлөөд байна. 

Т.Бямбажаргал

Эх сурвалж: www.rfi.fr