АНУ-ЫН ХЭВЛЭЛ: Илон Маск Монголд компаниа нээх асуудлаар тус улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа

АНУ-ЫН ХЭВЛЭЛ: Илон Маск Монголд компаниа нээх асуудлаар тус улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа

АНУ-ын “Tesla” компанийн гүйцэтгэх захирал Илон Маск салбар компаниа Монголд нээх асуудлаар болон хөрөнгө оруулалтын боломжийн талаар тус Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй санал солилцсон талаар АНУ-ын CNBC агентлаг мэдээлжээ.

Тус нийтлэлд "Тэд мөн цахилгаан автомашины баттерейн чухал бүрэлдэхүүн хэсэг болох зэс, газрын ховор элементийн Монгол улс дах өргөн нөөцөд тулгуурлан Тесла компанийн цахилгаан автомашины аккумляторын үйлдвэрийг Монгол улсад байгуулах боломжтой эсэх талаар ярилцсан. Цаашлаад Илон Маскийн үүсгэн байгуулсан SpaceX компанийн хиймэл дагуулын холбооны терминал, үйлчилгээ үзүүлэгч Starlink-ийг Монголд авчрах талаар мөн ярилцсан. Энэхүү Зүүн Азийн улс нь эрдэс, газрын ховор элементээр баялаг, зэс, алт, нүүрсний томоохон ордуудтай юм.

Монгол Улсын Засгийн газар нь олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, шинэ технологийн хөгжил, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр эрмэлзэж байна.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь дэлхий дахинд цахилгаан машины хэрэглээ, ногоон технологийг нэвтрүүлэх Илон Маскийн үйлсийг дэмжиж буйгаа онцолсон. Мөн иргэдээ цахилгаан машины хэрэглээнд уриалж Ерөнхий сайдын хувиар хувь нэмрээ оруулахаа илэрхийлсэн" хэмээн бичжээ.  

Starlink нь 2022 онд Монголд компаниар бүртгэгдсэн бөгөөд энэ ондоо нээлтээ хийх төлөвтэй байна. Хятад улс АНУ-тай хурцадмал байдалтай байгаа хэдий ч өөрсдийгөө гадаадын компаниудад ээлтэй бизнесийн орчныг үүсгэсэн хэмээн харуулахыг зорьж байгаатай холбогдуулан Илон Маск өнгөрсөн долоо хоногт Хятадын дэд ерөнхий сайд Дин Сюэсян болон Хятад дахь бусад өндөр албан тушаалтнуудтай уулзсаны дараа Монгол улсын Ерөнхий сайдтай уулзаж байгаа нь энэ юм. Теслагийн гүйцэтгэх захирал Хятадын технологийн дэвшлийг магтан сайшааж, Шанхай дахь Тесла үйлдвэртэй танилцсан байдаг. 

ЭХ СУРВАЛЖ: CNBC




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө