Е.Пригожины байршил тодорхойгүй байгаа ба Вагнерын тийрэлтэт хөдөлгүүртэй хувийн хоёр онгоц Минскийн ойролцоо өнөөдөр газарджээ

Е.Пригожины байршил тодорхойгүй байгаа ба Вагнерын тийрэлтэт хөдөлгүүртэй хувийн хоёр онгоц Минскийн ойролцоо өнөөдөр газарджээ

Вагнер бүлгэмийн хөлсний цэргүүд өнгөрөгч Бямба гараг /2023.06.24/-т Москва хотод 200 км ойртож ирээд, цэргээ татсан. Харин Оросын тал тус бүлгэмийн эзэн Е.Пригожинд оноосон ялаа цуцалж, тэднийг Беларусь  руу явахыг зөвшөөрсөн байдаг. 

Харин энэ явдлаас хойш Е.Пригожин чимээгүй байсан бөгөөд өчигдөр /2023.06.26/ түүний  11 минутын дуу бичлэгийг түүний хэвлэлийн албанаас нийтэлсэн. Тус бичлэгт Е.Пригожин өнгөрөгч Бямба болсон үйл явдлаа, “Засгийн газрыг унагахын тулд биш, харин жагсаал хийх гэж очсон” гэж тайлбарласан байдаг. Мөн тэрээр, “Москва хот руу бид 200 километрийн зайд ойртож ирээд их буугаа байрлуулсан. Харин тэр үед маш их цус урсгах нь тодорхой тул бид зогссон. Бид агаарын хүчинд цохилт өгөхөөс өөр аргагүй болсонд харамсаж байна” гэж тайлбарлажээ. 

Учир тус бослогын үеэр ОХУ-ын армийн долоон нисэх онгоцыг "Вагнер"-ын дайчид буудаж унагасан гэж цэргийн блоггер мэдэгдсэн. Үүний улмаас нисэх хүчний 13 алба хаагч амь үрэгдсэн гэж байгаа юм.

Тэгвэл одоо Е.Пригожин хаана байгаа нь тодорхойгүй байгаа бөгөөд Беларусийн эрх баригчид түүнийг өөрийн улсдаа ирсэн гэдгийг баталгаажуулж чадахгүй байгаа юм. Харин өнөөдөр /2023.06.27/ Санкт-Петербургээс хөөрсөн Е.Пригожинийн тийрэлтэт хөдөлгүүртэй хувийн онгоц Беларусийн нийслэл Минскийн ойролцоо газардсан гэж “Беларуськи Гаюн” мэдээллийн суваг бичсэн байна. Мөн хэдэн минутын дараа Санкт-Петербургээс хөөрсөн өөр нэг тийрэлтэт онгоц Минскийн ойролцоо ижил бүсэд газарджээ.

Эх сурвалж: Varlamov news