Өдөр тутмын сонины холбооноос Ж.Ганбаатарт хандаж МЭДЭГДЭЛ гаргажээ

Өдөр тутмын сонины холбооноос Ж.Ганбаатарт хандаж МЭДЭГДЭЛ гаргажээ

Хэвлэл мэдээллийн бодит эх сурвалж болох сонины талаар улс төрчид, намууд сүүлийн үед үл тоосон хандлага гаргаж байгаад Өдөр тутмын сонинуудын холбоо шүүмжлэлтэй хандаж дараах мэдэгдлийг гаргаж байна.

Нэгэн зүйл:

Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 40-р зүйлийн сонгуулийн сурталчилгаа гэсэн бүлгийн 40.2.6-д Радио, телевизийн сурталчилгаа ашиглах гэж заасан нь сонинг зориудаар орхигдуулж үл тоомсорлосон гэж ойлгогдохоор байна.Тогтсон редакцтай эх сурвалжтай, уншиж хэрэглэхэд хамгийн хялбар сониныг ингэж орхигдуулсан нь үл балрах эх сурвалж болохынх нь хувьд бодлоготойгоор зайлсхийсэн зүйл гэж үзэж байна.

Нэгэн зүйл:

Намуудын мөрийн хөтөлбөрийг сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө өдөр тутмын сонин дээр заавал хэвлэж байх тухай редакцуудын саналыг хуульд тусгаж өгөх хэрэгтэй байна.Энэ нь сонгуулийн сэтгэл зүйн хөөрөл эхлэхээс өмнө аль нам ямар бодлоготой байгааг олон түмэн уншигчдад таниулах чухал ач холбогдолтой юм.

Нэгэн зүйл:

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар УИХ-ын чуулган дээр өргөн нэвтрүүлгийн тухай хууль хэлэлцэж байх үед “баталгаатай мэдээлэл гаргах хэрэгтэй, баталгаагүй худал мэдээлэл гаргаад байвал сонин уншдаггүй болж байгаатай адил болно шүү” гэж хэлсэн нь өдөр тутмын сониныг захиалан уншдаг олон мянган захиалагч тэнд ажилладаг олон арван редакц, сэтгүүлчдийн нэр хүндэд халдсан, ажил төрлийг нь гутаан доромжилсон бодлогогүй алхам боллоо.Иймд нам, улс төрчид, гишүүд дэлхий даяар эрхэмлэн үзэж ирсэн одоо ч сошиал медиа хөгжсөн үед бүр эрхэм соёлын нэг болох нь тодорсоор байгаа өдөр тутмын сонинд хандах хандлагаа өөрчилж сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сонинд хэвлүүлэх, сонгуулийн сурталчилгааг сониноор явуулах заалтыг хуульд тусгаж өгөхийг хүсэж байна.

Мөн УИХ-ын эрхэм гишүүн Ж.Ганбаатар таныг “сонин худал зүйл мэдээлдэг” гэсэн гүжэр үгэндээ сонины олон мянган уншигч, тэнд ажилладаг сэтгүүлчид, редакцуудаас уучлалт гуйхыг шаардаж байна.

ӨДӨР ТУТМЫН СОНИНЫХОЛБОО