Өнөөдөр хоёр настай хүүгийн хойчийн буянд зул өргөнө

Өнөөдөр хоёр настай хүүгийн хойчийн буянд зул өргөнө

Хэнтий аймгийн Хэрлэн суманд энэ сарын 20-ны өдөр хойд эцэгтээ зодуулсны улмаас амиа алдсан хоёр настай хүүгийн хойчийн буянд зориулж, гэрэлт зул өргөх гэж байна.

Энэ хэргийн талаар мэдсэн цаг үеэс эхлэн Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Хэнтий аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөл холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ар гэрт нь бүх талын тусламж дэмжлэг үзүүлсээр өнөөдрийг хүрсэн аж. Тодруулбал, аймгийн ГБХЗХГ-тай хамтран ээж хүү хоёрт мэргэжлийн эмчээр сэтгэлзүйн тусламж үзүүлж, Улаанбаатар хотноо бүх төрлийн үзлэг шинжилгээнд хамруулжээ. Мөн уг хэрэгтэй холбоотой өмгөөлөгчийн зардлыг бүрэн хариуцан ажиллаж байгаа юм байна.

Өнөөдрийн зул өргөх ёслолыг муу муухай зүйл энэ онтойгоо үлдэж, цааш цаашдаа дахин давтагдахгүй байхыг хүсэж, оройн 17 цагт Шадавдаржаалин, Гүндүгаварлин хийдтэй хамтран Чингисийн талбай дээр хийхээр төлөвлөжээ.

Хэргийг сануулахад, энэ сарын 20-ны өдөр хойд эцгийнхээ гарт хоёр настай хүү амиа алдаж, ой гаруйтай дүү нь эмнэлэгт хүргэгдсэн юм. Тодруулбал, хамтран амьдарч байсан эмэгтэйнхээ хөвгүүдийг зодож, том хүү болох хоёр ой 11 сартай С хүүгийн амь насыг хөнөөжээ. Цагдаагийн байгууллагаас уг хэрэгт хүүхдүүдийн хойд эцэг гэгдэх Х-г холбогдуулан саатуулан шалгаж байна. Өмнө нь ял эдэлж байгаад өнгөрсөн зургадугаар сард хорих ангиас суллагдсан тэрбээр аймгийн нэгэн төрийн байгууллагад ажилладаг эмэгтэйтэй 10 дугаар сараас хамт амьдарч эхэлсэн гэх. Уг эмэгтэй нь ой гаруйтай болон хоёр нас гаруйтай хоёр хүүтэй аж. Сэжигтэн этгээд хохирогч ээж болон хүүхдүүдийг байнга зодож дарамталдаг байсан талаар албан бус мэдээлэл байна.

Хэрэг гардаг өдөр сэжигтэн найзын хамтаар хүүгийн ээжтэй гэрт нь архидан согтуурчээ. Ингээд ууж байсан архи нь дуусч, тэднийг архинд явсан хойгуур нь хүүг зодож хөнөөгөөд, орж ирэхэд нь унтуулсан хэмээн худал хэлсэн байна. Ийнхүү хоёр настай хүү эмнэлгийн тусламж авч чадалгүй нас баржээ. Анхан шатны үзлэгээр элэг нь бяцарч нас барсан байж болзошгүй онош гарчээ. Хойд эцэгтээ зодуулсан ой гурван сартай хүү одоогийн байдлаар биеийн байдал нь сайн биш аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Сэжиглэгдэн, цагдан хоригдож байгаа Х нь 23 настай бөгөөд 2013, 2015, 2017, 2018 он буюу сүүлийн зургаан жилийн хугацаанд зургаан удаа ял шийтгэл эдэлж байсан нэгэн аж. Тодруулбал, хулгай, дээрэм, залилан, хүчингийн хэргээр ийнхүү яллагдаж байсан тэрбээр хамгийн сүүлд хүчингийн хэргээр шүүхээс ял сонсож, ялаа эдэлж байгаад  2019 оны зургаадугаар сард суллагдсан байна.