НҮБ-ын Тусгай илтгэгч М.Саттертвэйт: Монгол Улсад 2013, 2017, 2019 онуудад шүүгчдийг огцруулсан хэд хэдэн тохиолдол гарсан байна

НҮБ-ын Тусгай илтгэгч М.Саттертвэйт: Монгол Улсад 2013, 2017, 2019 онуудад шүүгчдийг огцруулсан хэд хэдэн тохиолдол гарсан байна

Манай улсад ажилласан НҮБ-ын Тусгай илтгэгч Маргарет Саттертвэйт "Монгол Улсын шүүгч, хууль зүйн тогтолцооны хараат бус байдал"-ыг үнэлсэн урьдчилсан дүгнэлтийг танилцууллаа.

Тэрбээр, "2013, 2017, 2019 онуудад шүүгчдийг огцруулсан хэд хэдэн тохиолдол гарсан талаар сонслоо. Эдгээр шүүгчдийн зарим нь өнөөг хүртэл дахин томилогдоогүй байна. Энэ нь миний сэтгэлийг ихээхэн эмзэглүүлж байна. Цаашид нягтлан судлах болно. НҮБ-ын үндсэн зарчмууд нь шүүгчид сахилгын шийтгэл ноогдуулах, албан тушаалаас түдгэлзүүлэх, огцруулахад шүүгчийн ёс зүйн тогтсон стандартын дагуу хэрэгжүүлэхийг шаарддаг.

Үндсэн хуулийн цэцээр хянан хэлэлцүүлсэн шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн зарим заалтад шүүгчийн эрх мэдлийн хүрээнд гаргаж буй шийдвэрийг дээд шатны шүүхэд давж заалдах үндэслэлтэй байтал сахилгын зөрчилд тооцож байгаад их санаа зовж байна. Тухайлбал шүүгчдийн мэргэжлийн сахилга бат болон мэргэжлийн ур чадвар гэх хоёр өөр ухагдахууны ялгааг илүү нарийн тодорхойлох шаардлагатайг миний зүгээс зөвлөж байна. Шүүгчид давж заалдах журмаар зохих ёсоор залруулж болох аливаа алдаа мадгийн улмаас сахилгын шийтгэл хүлээх ёсгүй юм" гэв.

Түүнчлэн тэрбээр, "Шүүгчийг тодорхой, бодитой мэргэжлийн ур чадварт суурилсан шалгуураар томилох нь зүйтэй. Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлд Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн хоёрдугаар хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьсан шүүгчийг томилох тухай саналыг буцаах бүрэн эрх нь хэтэрхий өргөн цар хүрээтэй байгааг онцгойлон тэмдэглэж байна. Ерөнхийлөгчийн энэхүү бүрэн эрх нь эрх мэдлийн хуваарилалтын хараат бус байдалд нөлөөлөх эсхүл тус улсын ихээхэн анхаарал хандуулж ирсэн шүүх тогтолцоонд нэр дэвшигчийг томилуулан ажиллуулахад саад учруулахгүй байх эрсдэлийг арилгахад дараа дараачийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна" гэлээ.

"Шүүхийн хараат бус байдал эрх мэдлийн хуваарилалтын хамгийн чухал баталгааны нэг нь шүүхийн төсөв хангалтай байх, үүнийг хараат бус байлгах явдал юм. Шүүхийн ерөнхий зөвлөл нь төсвийн саналыг Хууль зүйн байнгын хороогоор дамжуулан УИХ-д өргөн барьдаг гэж ойлгосон. Энэхүү заалт нь өнөөг хүртэл хэрэгжээгүй байна. Шүүхийн санхүүжилтийн туйлын хангалтгүй байдлын талаар шүүхийн тогтолцооны бүх түвшний оролцогчид илэрхийлж байгаа нь миний анхаарлыг татсан.

Дотоодын холбогдох стандартад нийцэхгүй байгаа шүүх хуралдааны танхимын тоо нь намайг эмзэглүүллээ. Шүүх хурлын танхимууд халаалтгүй, агааржуулалтгүй, олон нийтэд хуралдааны үйл явцыг ажиглахыг зөвшөөрөх нь битгий хэл хэргийн оролцогчид болон тэдний төлөөлөгчдийг байрлуулах зай талбай хангалтгүй байгааг харсан.

Дүүргийн хэд хэдэн шүүхийг нэг түрээсийн байранд байрлуулж, шүүх хуралдааныг явуулахын тулд шүүгчид ээлжийн зарчмаар танхимыг ашиглах шаардлагатай болдгийг сонслоо. Арав гаруй жилийн хугацаанд улсын хэмжээнд шүүхийн дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийгээгүй, цалингийн хэмжээг нэмэгдүүлээгүй байна" гэсэн дүгнэлтийг танилцууллаа.