ФОТО: "Шарын гол" уурхайн нүүрсний үнийг төр тогтоосноор уурхай дампуурахад хүрч, 500 гаруй ажилтан ажилгүй болж байна

ФОТО: "Шарын гол" уурхайн нүүрсний үнийг төр тогтоосноор уурхай дампуурахад хүрч, 500 гаруй ажилтан ажилгүй болж байна

Өнөөдөр Шарын гол уурхайн уурхайчдын төлөөлөл Эрчим хүчний зохицуулах хороо /ЭХЗХ/-ны гадна мэдээлэл хийлээ.

 Эрчим хүчний зохицуулах хорооноос нүүрсний үнийг нэг тонныг нь 40500 гэж хатуу тогтоосноор энэ үнээр туc уурхай цаашид олборлолт, үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, алдагдалд орсон гэв. Тиймээс энэ үнийг чөлөөлж өгөөч гэх хүсэлтийг Эрчим хүчний зохицуулах хороонд тавив.

Уурхайчдын төлөөлөл Л.Наранбаатар энэ талаар хэлэхдээ “Шарын голын уурхай дампуурлын ирмэгт ирж, 500 гаруй уурхайчин ажил, амьдралгүй болох нөхцөл үүсээд байна. Бид өнөөдөр 46000 төгрөгөөр нүүрс олборлоод 40500 төгрөгөөр зараад байгаа учраас алдагдалтай ажиллаж байна.

Тодруулбал, ЭХЯ, ЭХЗХ-ны дарга А.Тлейхан Шарын голын уурхайн нэг тонн нүүрсийг 40 мянган төгрөгөөр Эрдэнэт үйлдвэр зэрэг ТӨХК-иудад өг гэсэн тушаал гарсан. Ингэснээр манай уурхай нүүрс олборлосон өртгөөсөө хэт бага үнээр Төрийн компаниудад нүүрсээ нийлүүлж, алдагдал хүлээж байна. Гэтэл өнөөдөр зах зээл дээр нэг тонн нүүрс 150 мянга, Төрийн өмчит ЭТТ-н нэг тонн нүүрсээ 73 ам.долларт худалдаалж байгаа гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх.

Ийнхүү зах зээлийн үнээс хэт бага үнээр манай уурхайн нүүрсний үнийг тогтоож, төр өөрсдийн компанидаа хэрэглэж байгаа нь уурхайг маань санхүүгийн хүнд байдалд оруулаад байна. Шарын гол уурхайн ард 500 гаруй уурхайчин 8 мянга гаруй иргэний аж амьдрал байдаг. Бид өнөөдөр татвар болон харилцдага байгууллагууддаа маш их хэмжээний өртэй байна.

Бид өнөөдөр ЭХЯ-ны сайд Ц.Даваасүрэн, ЭХЗХ-ны дарга А.Тлейханы нарын хууль бус шийдвэрээс болж хохирч, ажил амьдралаа алдахад хүрээд байна. Иймд “Эрчим хүчний тухай хууль” зөрчиж, Шарын голын нүүрсний үнийг хэт бага үнээр тогтоосон шийдвэрээ цуцлахыг А.Тлейхан даргаас шаардаж байна. Нэмж хэлэхэд бид засгийн ажиллах хүчин биш, ардчилсан нийгэмд амьдарч байгаа гэдийг сануулж хэлмээр байна” гэсэн юм.

Шарын голын уурхай нь хойд бүсийг дулаанаар хангадаг. Гэтэл Эрдэнэт үйлдвэрт нүүрс нийлүүлэлтээ зогсоогоод  ес хоножээ. Учир нь олборлолт хийх ямар ч боломжгүй хүнд нөхцөл байдалд хүрсэн байна. Өнөөдрийн байдлаар компанийн алдагдал 40 гаруй тэрбум төгрөгт хүрээд байгаа талаар ажилчид ярьж байлаа.