АНХААРУУЛГА: Японд долоон настай хүү сургуулийн үдийн цайныхаа үеэр бөднө шувууны өндгөнд хахаж нас баржээ

АНХААРУУЛГА: Японд долоон настай хүү сургуулийн үдийн цайныхаа үеэр бөднө шувууны өндгөнд хахаж нас баржээ

Өнгөрсөн даваа гарагт Япон улсын Фүкүока мужийн Мияама хотын нэгдүгээр ангийн сурагч үдийн цайныхаа үеэр бөднө шувууны өндгөнд хахаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тэрээр өдрийн 12:30 цагийн үед үдийн цайндаа орж байхдаа гэнэт сандлаасаа босон бөөлжих гэж байгаа мэт үйлдэл үзүүлжээ. Багш нар хүүд туслахыг хичээн нуруу руу нь цохисон ч амнаас нь ямар нэгэн зүйл гараагүй байна. Хүүг нисдэг тэргээр яаралтай эмнэлэгт хүргэсэн ч 14:50 цагийн үед нас баржээ.

Одоогоор тус улсын Боловсролын яамнаас сурагчдын үдийн цайнд өгдөг бөднө шувууны өндгийг түр хязгаарлаад байгаа аж. Мөн үдийн цайны үеэр сурагчдыг сайтар ажиглаж, анхаарал хяналт тавихыг сургуулийн багш, ажилчдад даалгажээ. Дээрх хэрэг гарах үед бага ангийн сурагчид нэг дор суун хооллоцгоож байсан бөгөөд хүүхэд хажууд нь хахаж нас барсан хэргээс болж хүүхдүүд сэтгэлзүйн хүнд цохилтонд орсон байх өндөр магадлалтай тул сэтгэлзүйчдийг хэрэг гарсан сургууль дээр ажиллуулж байгаа юм байна.

Японы ЭМЯ-ны судалгаагаар 2014-2019 оны хооронд 14 ба түүнээс доош насны 80 гаруй хүүхэд хоолонд хахаж нас барсан хэрэг гарсан бөгөөд үүнд нөлөөлсөн хамгийн түгээмэл хүнс нь үрлэн помидор, усан үзэм, бөдөнгийн өндөг, будааны үрлэн боов, цэлцэгнүүр гэх мэт зүйлс байжээ. Тиймээс Японы боловсролын яамнаас дээрх хүнсний бүтээгдэхүүнүүдийг аль болох жижиглэн хэрчиж өгөх, мөн хүүхдүүдэд сайн зажлах зааварчилгаа өгөх, үдийн цайны хугацааг уртасгах зэрэг арга хэмжээнүүдийг авахаар хэлэлцэж байгаа аж.

Эх сурвалж: Japan times