Б.Мөнхцэлмэг: Хууль зүйн яаман дээр дахиж очвол 20 хоног саатуулна гэсэн

Б.Мөнхцэлмэг: Хууль зүйн яаман дээр дахиж очвол 20 хоног саатуулна гэсэн

Хууль зүй, дотоод хэргийн яам нь саяхан шинэ байранд нүүж орсон. Ингэхдээ тус яамны зарим дарга нар өрөөгөө 51.6 сая төгрөгөөр тохижуулж, 626 сая төгрөгийн тавилгаар чимсэн гэж буй. Мөн 46.9 сая төгрөгөөр уулзалтын өрөөг тохижуулснаас гадна жкуз, фитнес, амрах өрөөг хүртэл өөрсдөдөөө зориулж гаргасан гэх мэдээлэл байгаа юм.

Энэ тухай мэдээлэл, санхүүгийн тайлан Хууль зүйн яамны Шилэн дансанд бий бөгөөд уг баримтыг үндэслэн “Бид Уучлахгүй” хөдөлгөөнийхөн тус өрөөг үзэж, танилцахаар Хууль зүйн яаманд хэдэнтээ очсон ч дотогш нэвтрүүлээгүй юм.

Өчигдөр “Бид Уучлахгүй” хөдөлгөөний зохицуулагч Б.Мөнхцэлмэг тансаг өрөөнүүдийг үзэхээр дахин Хууль зүйн яаманд очсон ч дарга нар нь эзгүй гэх шалтгаанаар дотогш нэвтрүүлээгүй юм. Мөн түүнийг цагдаагийхан хүч хэрэглэн баривчилж Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаад орой 18.00 цагийн үед сулласан юм. Энэ талаар түүнээс зарим асуултад хариулт авлаа.

-Таныг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс баривчилж саатуулсан. Ямар үндэслэлээр саатуулсан юм бол?

-Хууль зүй, дотоод хэргийн яамны  Төрийн тусгай хамгаалалттай байранд танхайрсан гэх хуулийн үндэслэлээр холбогдогчоор татсан. 7-30 хоног баривчлах шийтгэлтэй байдаг гэсэн. Би Мэдээллийн ил, тод байдлын тухай хуулийн дагуу тус яамны дарга нарын өч, төчнөөн сая төгрөгөөр тохижуулсан өрөөг харахыг л хүссэн юм. Цагдаагийн газраас намайг дахиж дуудаж байцаана гэсэн. Хэрэг шалгагдаж дуусаагүй байхад Хууль зүй, дотоод хэргийн яам дээр асуудал үүсгэвэл баривчлах үндэслэл болно гэсэн. Дахин очвол 20 хоног саатуулах үндэслэлтэй гэсэн юм ярьсан. 

-Уг нь та танхайраагүй биз дээ?

-Жанчив даргаа та гараад ирээч гэж хэлснийг танхайрсан гэж үзсэн. 

-Та маргааш тус яаман дээр очиж өрөөг нь үзэх шаардлагаа дахин тавих уу?

-Маргааш тавихгүй. Энэ долоо хоногийн сүүл ирэх долоо хоногийн эхээр очно. Бид ухрахгүй ээ. Дарга нар өрөөгөө үзүүл. Бид шаардлага тавьсан. Шаардлагын хариу гэж цаас өгчихөөд өрөөгөө үзүүлэхгүй байна.

-Өчигдөр таныг дэмжиж олон хүн Хууль зүйн яамны гадна ирсэн байсан. Тэднийг та дуудсан уу эсвэл өөрсдөө сайн дураараа ирсэн үү?

-Монголчууд үнэхээр мундаг юм байна. Миний лайвыг үзээд олон хүн ирсэн. Машинтай жагсаал, Үнэн ба Зөв нам, Гүрэнт Монгол хөдөлгөөн гээд олон хүн ирж дэмжсэн. Монголчууд их мундаг, бие биенээ дэмждэг болсон байна.

-Өрөөг үзүүлэхгүй бол та бүхэн эсэргүүцлийн дараагийн хэлбэрт шилжих үү?

-Бид жагсаал зохион байгуулна. Жагсаал зохион байгуулах хүсэлтээ өгсөн ч зөвшөөрөөгүй. Гэхдээ бид зүгээр суухгүй. 

Тэрбум төгрөгөөр тохижуулсан гэх Хууль зүйн яамны дарга нарын өрөөний зураг