“Эрдэнэт” үйлдвэрийн ажилчид 13 ДАХЬ САРЫН ЦАЛИНГАА авч чадах уу

“Эрдэнэт” үйлдвэрийн ажилчид 13 ДАХЬ САРЫН ЦАЛИНГАА авч чадах уу

“Эрдэнэт” ТӨХК нь 13 дахь сарын цалингаа нэмээгүйн улмаас ажилчид нь ажил хаялт зарлахаар бэлтгэж байгаа гэх мэдээллийг бид өмнө нь хүргэсэн.

-АЖИЛЧИД: ЦАГААН САРААС ӨМНӨ 13 ДАХЬ САРЫН ЦАЛИНГАА 
ХОЁР ДАХИН НЭМЭГДҮҮЛЖ АВНА-

Тус үйлдвэрийн 1500 ажилтан 13 дахь сарынхаа цалинг Цагаан сараас өмнө хоёр дахин нэмэгдүүлж авах хүсэлтэйгээ илэрхийлж гарын үсэгтэй өргөдлийг УИХ-ын гишүүн О.Баасанхүүд хүргүүлсэн байдаг. УИХ-ын гишүүн О.Баасанхүү тэдний хүсэлтийг хүлээн авч Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Өргөдлийн байнгын хороонд уламжилсан юм.

2019 онд Эрдэнэт үйлдвэр нь нэг их наяд төгрөгийн ашигтай ажилласан. Тэгэхээр үйлдвэрийн ажилчдын цалинг дотоод журам болон графикийн дагуу нэмэх ёстой гэж ажилчид үзэж байгаа юм.

Олсон ашгийнхаа хэрээр 13 дахь сарын цалинг нэмж ирсэн нь тус үйлдвэрт олон жил хэрэгжиж ирсэн жишиг юм байна.

Хэрвээ хүсэлтийг хангаж цалинг олгохгүй бол дараа, дараагийн шатны арга хэмжээг авна. Тодруулбал, ажил хаялт зарлаж, бослого тэмцэл өрнүүлнэ гэж ажилчид УИХ-ын гишүүн О.Баасанхүүд хэлсэн байдаг. Цаашлаад мэргэжлийн хуулийн баг авч Эрдэнэт үйлдвэрийг шүүхэд өгөх сонирхолтой байгаа гэдэг.

Мөн тус үйлдвэрийн ажилчид байнгын дарамтад байдаг, тэр дундаа ажилчдыг хувийн орон зай буюу фэйсбүүктээ үйлдвэртэй холбоотой сөрөг мэдээлэл тавьбал ажлаас нь хална гэж сүрдүүлдэг гэдэг.

Тэгвэл ажилчдын 13 дахь сарын цалинг нэмэх асуудлаар Эрдэнэт ТӨХК-ийн захирал Х.Бадамсүрэн доорх хариултыг өгчээ.

-БИД АЖЛАА УРЬДЧИЛЖ ДҮГНЭЭД АЖИЛЧДЫНХАА
УРАМШУУЛЛЫГ ӨГЧИХСӨН-

Тэрбээр “Жилийнхээ үр дүнгээр, сайн ажилласан бол нэмэгдэл болгон нэг сарын цалинтай тэмцэх урамшууллыг олгодог. 2020-2021 онд хамтарч ажиллах гэрээгээ байгуулсан. Тэр гэрээнд нэг сарын цалинтай тэнцэх дундаж цалинг 13 дахь сарын цалин болгож өгнө гэж заасан. Үйлдвэрийн үр ашгаас урамшуулал олгодог. 2019 онд бид амжилттай ажилласан. Тиймээс бид долдугаар сард ажилчиддаа урамшуулал шагнал олгосон.

Нэгдүгээр хагасын үр дүнгээ дүгнээд 13 дахь сарын урьдчилгаа өгсөн гэсэн үг. Мөн 11 дүгээр сард урамшуулал олгосон. Мөн л эхний есөн сарын үр дүнгээр 13 дахь сарын урьдчилгаа өгсөн. 12 сараас өмнө хоёр удаа урамшуулал олгосон. Ингээд бид хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж ажиллаж байна. Тодорхой хэмжээний зардал хэмнэвэл түүнтэй дүйцэхүйц урамшуулал олгоно. Эрдэнэт үйлдвэрт санхүүгийн, эдийн засгийн бодлого хэрэгжиж байгаа. Эрдэнэт үйлдвэрт мөнгөний бодлого байх ёстой. Тэр бодлого хэрэгжиж байна.

Үүнийхээ үр дүнгээр шинэ жилийн өмнө ажилтан бүрт урамшуулал олгосон. Дээд тал нь 800 мянган төгрөг олгосон. Тогтоосон хэмжээгээр нь биш татвар хураамж хасагдаад өөрт нь очно.  Энэ шагнал урамшуулал нийлээд 15 тэрбум төгрөг болсон.  Бид тайлангаа удахгүй нэгтгэнэ. Тайлангаа гаргасны дараа 13 дахь сарын цалинг мөн олгоно гэсэн” хариултыг өгсөн юм.

Харин ажилчид жил бүрийн нэгдүгээр сард ажилчдын 13 дахь сарын цалинг олгодог. Тэр мөнгийг өгөөгүй гэж үзэж байгаа юм.