Ойрын өдрүүдэд хүйтний эрч суларч, цаг агаар тогтуун байсан. Тэгвэл ирэх долоо хоногоос ихэнх нутгаар хүйтэрч, зарим аймагт цас орж, цасан шуурга шуурна гэж мэргэжилтнүүд онцолж байна. Тодруулбал, энэ сарын 30-31-ны өдөр Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн зарим сумдын нутгаар цас орох төлөвтэй байна.
Улмаар ирэх хоёрдугаар сарын 1-ны өдрөөс эхлэн 5-ны өдрийг хүртэл нийт нутгаар хүйтний эрч чангарч төвийн нутаг, Улаанбаатар хот орчимд өдөртөө -18-20 хэм, шөнөдөө -26-28 хэм хүрч огцом хүйтрэх төлөвтэй байна.
Энэ нь хойд туйлын хүйтэн агаарын урсгал Сибирь, Эрхүү, Буриад, Монгол орныг дайран өнгөрөхтэй холбоотой аж.
Эдгээр өдрүүдэд бага насны хүүхдээ гэрээс гаргалгүй дулаан байлгаж, иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.