Оюутолгой компани ажилчдын эрх ашгийг ноцтойгоор зөрчдөгөөс гадна ХАБ-ын дүрэм, журмыг дагаж мөрддөггүй гэв

Оюутолгой компани ажилчдын эрх ашгийг ноцтойгоор зөрчдөгөөс гадна ХАБ-ын дүрэм, журмыг дагаж мөрддөггүй гэв

Өнөөдөр “Оюутолгой” төслийн туслан гүйцэтгэгч “SSM” компаниас халагдсан ажилтнууд болон үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас тус компанийн хууль бус ажил халалт, ажилчдад үзүүлдэг дарамт шахалтыг эсэргүүцэн шаардах бичиг хүргүүлэхээ мэдэгдлээ.

“SSM” компани нь 2014 онд “Оюутолгой” компанийн үйлчилгээний тендэрт ялсан бөгөөд хоол үйлдвэрлэл, оффис цэвэрлэгээ, ус түгээлт гэх үйлчилгээ явуулдаг компани юм байна.

Харин “Оюу толгой” төслийн удирдах албан хаагчид тус компанийн ажилчдыг (“SSM” компани) шалтгаангүй ажлаас халах, ялгаварлан гадуурхах, олны дунд нэр хүндэд нь халдаж доромжлох, ажлаас хална гэж сүрдүүлдэг гэх мэт хүний эрхэд халдсан үйлдлүүдийг байнга гаргадаг учраас гэрээ тендэрээ цуцалж байгаа аж. 

Тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга хэлэхдээ “Оюутолгой компани хүний эрхийн төлөө үг хэлж дуугарсан бүхий л үйл ажиллагааг хорьдог. “Цалин бага, ажиллах нөхцөл муу, ажлын дарамт шахалт их байна” гэж эрхээ хамгаалж дуугарсан хэн бүхнийг ажлаас халж байгаа нь шударга бус байна” гэсэн юм.

Түүнчлэн Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчид “Дөнгөж ажилд орсон хүнийн нөөцийн менежер олон жил ажилласан, туршлагатай ажилчныг ямар ч зөрчил гаргаагүй байхад нь ажлаас халсан. Өвчтэй, чөлөөтэй байсан ажилчдыг ч чөлөөний хугацаа нь дуусаагүй байхад халсан тохиолдол ч гарсан. Энэ мэтчилэн эрх мэдлээ ашиглан хамаатан саднаа ажилд авч, зохион байгуулалттайгаар баримт үйлдэн олон жил ажилласан ажилчдыг халж байна, үүний эсрэг бид тэмцэнэ” гэсэн юм.

Мөн тэд ажилчдын эрх зөрчигдөж буй хэд хэдэн зураг үзүүлсэн юм. Тэд “Оюу толгой” компани Хөдөлмөрийн аюулгүй байдлыг байнга ярьдаг ч бодит байдал дээр огт хэрэгжүүлж ажилладаггүйг мэдэгдлийнхээ үеэр онцоллоо.

Б.САРАНГЭРЭЛ




Өнөөдөр хулгана өдөр

34 минутын өмнө