Ц.Мөнхбаатар: Зах, худалдааны төвийг хаахгүй тул хүнсийг их хэмжээгээр авах шаардлагагүй

Ц.Мөнхбаатар: Зах, худалдааны төвийг хаахгүй тул хүнсийг их хэмжээгээр авах шаардлагагүй

БНХАУ-д дэгдээд буй коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын онцгой комиссын шийдвэр, НЗД-ын 108 дугаар захирамжийн дагуу нийслэлд олон нийтийг хамарсан ажил зохион байгуулахыг хориглож, 12 төрлийн байгууллагын үйл ажиллагааг түр зогсоогоод буй талаар НЗДТГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг даргын захирамжийг зөрчсөн иргэнийг Зөрчлийн хуулиар 200.000 төгрөг, ААН-ийг 500.000 төгрөгөөр торгож, үйл ажиллагаа эрхлэх Тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна.

Энэ үеэр "Томоохон зах, худалдааны төвүүдийг нийслэлийн хэмжээнд хаахгүй. Тиймээс иргэд хүнсний бүтээгдэхүүнийг их хэмжээгээр худалдан авах шаардлагагүй. Гадуур хяналтгүй цацагдаж байгаа мэдээлэлд иргэд автахгүй байх хэрэгтэй" гэдгийг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар онцоллоо.

НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал: “Шөнийн 04 цаг хүртэл ажилладаг бар, ресторануудыг 00 цаг хүртэл ажиллуулж, урлаг соёл, спортын арга хэмжээ, жагсаал цуглаан зохион байгуулахыг хориглосон НЗД-ын захирамжийг хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй сургууль, цэцэрлэг байхгүй. Харин ямар ч бүртгэлгүй хүүхдийн өдөр өнжүүлэх байруудын үйл ажиллагааг зогсоох тал дээр цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байна” гэв.  

Мөн "Буянт ухаа хорооллын хонгилд архины хамааралтай хүмүүсийг байршуулах Засаг даргын захирамж гараагүй, гарахгүй. Энэ тухай ташаа мэдээлэл бас гадуур яваад байна. Нийслэлийн зүгээс ерөнхийдөө орон гэргүй хүмүүсийг хороо, дүүрэгтэй нь хамтран нийгэмшүүлэх ажлыг хийдэг. Манай ард түмэн цахим сүлжээгээр явж байгаа баталгаагүй мэдээ мэдээлэлд итгэхгүй байхыг хүсэж байна" гэж  НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал хэллээ.