1985 онд дэлгэцийн уран бүтээл болж, үзэгч олны хүртээл болсон “Би чамд хайртай” Монголын уран сайхны киног хүн бүр андахгүй сайн мэдэх биз ээ. Энэхүү киноны Үрлээ, Баяраа, Дэлгэр нарын дүрийг жүжигчин Л.Эрдэнбаяр, Н.Бадрал, С.Пунсалмаа нар чадварлагаар бүтээж, олны хүртээл болгосон юм. “Сонгодог” гэж хэлж болохуйц анхны хайрын тухай ариун нандин энэ кино одоог хүртэл үзэгч олны дунд яригдсан хэвээр. Энэхүү киноноос сэтгэлд хамгийн тод үлдэх, хайрламаар дүр бол яахын аргагүй жүжигчин С.Пүрэвмаагийн бүтээсэн Үрлээгийн дүр юм.
Тэгвэл Үрлээ буюу С.Пүрэвмаагийн охид саяхан фитнесийн тэмцээнд оролцож, олны анхаарлыг ихээхэн татаад буй. Иймд бид хүүхдийн баярын тусгай дугаартаа зориулан хэн бүхний бага залуу насыг санагдуулахуйц “Би чамд хайртай” киноны гол дүр болох Үрлээ буюу С.Пүрэвмаагийн охин зураач, уран бүтээлч Ж.Анунарантай ярилцлаа. Түүний ээж болон дүү нарынхаа тухай ярьсан сонирхолтой ярилцлагыг хүлээн авна уу.
ВИДЕО:
-Таны ээжийг “Би чамд хайртай” киноны гол дүрийн жүжигчин гэдгээр нь үзэгч олон сайн мэднэ шүү дээ. Ер нь таны бага насанд энэ зүйл хэр ажилагдсан бэ. Үрлээгийн охин гээд арай өөр хандлага ажигладдаг байсан болов уу?
-Хүмүүс мэдэхгүй байж байгаад мэдэхээрээ арай өөр хандлага гаргах зүйл ажиглагддаг. Одоо бол бараг түүнд нь дасаж байна даа. Анх хүмүүс өөр хандлага гаргахаар их гайхдаг байсан. Хэн нэгний хүүхэд байхаар яах ч юм гэхчилэн өөр зүйлүүд анзаарагддаг байсан. Тэр нь жаахан төвөгтэй. Гэхдээ нөгөө талаас харвал ээжээрээ маш их бахархах сэтгэл төрдөг. Хувь хүнийх нь талаас харвал манай ээж дотогшоо, төвлөрсөн тийм хүн. Тэр талаас нь үзэхэд өөрийнх нь тэр мөн чанарууд “Би чамд хайртай” кинонд их харагддаг.
-Та гурван дүү нарынхаа хамт фитнесийн тэмцээнд оролсоноор нь хүмүү их сайн мэддэг боллоо шүү дээ. Ер нь анх хэзээнээс фитнесээр хичээллэж эхэлсэн бэ?
-Миний ажил мэргэжлийн онцлогоос харвал би өөрөө маш их суугаа ажил хийдэг. Нэг зураад суухаар их олон цагаар суудаг. Нуруу хөших ч юмуу, нуруу өвдөх зүйлүүд ажиглагддаг. Дээрээс нь жин нэмнэ. Түүнээс шалтгаалаад өөртөө цаг гаргах хэрэгтэй юм байна гэж бодоод 2019 оноос хойш би фитнест явж эхэлсэн. Гэхдээ тухайн спортынхоо мөн чанарыг ойлгох гэж, тухайн спортоо өөрийнхөө би дээр мэдрэх гэж маш удаан цаг хугацааг зарцуулсан гэж боддог. Бид өнгөрсөн жилийн фитнесийн улсын аваргаар гурвуулаа ороод энэ жилийн хотын аваргад дөрвүүлээ орсон. Бид нар ээжээсээ тавуулаа. Дөрвөн охин нэг хүү байдаг. Ингээд эгч дүү дөрвүүлээ түүх бүтээе гэж бодсон. Хамтдаа нэг зүйл рүү зорьсон тэр цаг хугацаа маш үнэтэй байсан. Мэдээж тэр цаг хугацаанд бэрхшээл асуудлууд их гарсан ч гэсэн эргээд харахад их гоё дурсамж болж үлдсэн. Том эмэгтэй дүү маань эмч болон хоол зүйч хийдэг. Одоогоор дөрөвдүгээр эмнэлэгт ажилладаг. Дараагийн дүү маань Тайвань улсад магистраар сурч байгаа. Бага дүү маань харин олон улсын харилцаа чиглэлээр Тайваньд төгссөн. Одоо “Foody” гээд веган хоолны компанид маркетингийн менежерээр ажилладаг. Ерөнхийдөө бид нар бүгдээрээ тал талын авьяастай, урлагийн мэдрэмжтэй хүмүүс байдаг шүү.
-Саяны болсон тэмцээндээ та бүхэн хэр амжилттай оролцсон бэ?
-Саяны тэмцээний хувьд би мастер бикини ангилалд тавдугаар байранд орсон. Фитнесийн хүмүүсийг иргэд том булчинтай мэдрэмжгүй залуус гэдэг ч юм уу өөр талаас нь ойлгох гээд байдаг. Гэхдээ яг өөрөө энэ спортоор хичээллээд эхлэхээр маш их мэдрэмж шаардсан зүйл байна гэдгийг ойлгож байгаа. Хүн ер нь өөртэйгөө, өөрийн биетэйгээ дахин танилцаж байгаа үйл явц гэж хардаг. Мөн тухайн өдрийн бэлтгэл сургуулилтад өөртэйгөө тулж ажилладаг. Өөрийнхөө залхуурал зэрэг зүйлстэйгээ тэмцдэг гэхэд болно. Тэнд зөвхөн биеийг үзүүлэх гэж байгаа зүйл огт биш. Цаана нь байдаг харагддаггүй зүйлтэй нүүр тулж, өөрийгөө ялан дийлж буй үйл явц гэж харсан. Дүү нартайгаа хамтдаа байхаар их ханьтай байдаг. Учир нь нүүрс ус хасах хэцүү үед дүү нартайгаа хамтдаа нэг зорилготой учраас амар байсан. Харин ганцаараа байхад жаахан ганцаардах, үлгэр дуурайлал, эрч хүч авах зүйл хэрэгтэй санагдсан.
-Таныг уран бүтээлч, зураач гэдгээр нь хүмүүс маш сайн мэднэ. Ер нь таны энэ авьяас, эхлэл хэзээнээс тавигдсан бэ?
-Бага байхаад их зурдаг, нэг зурахаараа олон цаг зураад суучихдаг хүүхэд байсан. Тэндээс л миний зураач болох эхлэл тавигдсан гэж боддог. Тэр үед ээж маань намайг маш их дэмждэг байсан. Би уран зургийн анги төгссөн. Гэхдээ миний хийж буй ажлууд уран зургийн гэхээсээ илүүтэй маш олон янзын уран зургийн арга, ажиллагаануудыг хольж ажилласан холимог ажиллагаатай зүйлс хийдэг. Одоо бодоход ээж маань намайг жаахан байхад хувцас, загвар, оёдол хийж байсан учраас одоо миний хийж буй даавуу их орсон ажлууд миний бага нас, миний ээжийн надад үзүүлж харуулж байсан зүйлс л тусгалаа олж байна гэж хардаг.
-Уран зураг гэдэг зарим хүмүүст амьдрал хэрнээ зарим хүмүүс хараад ойлгохгүй байх үе их. Ер нь уран зураг гэдэг орчин үеийн залууст хэр хэрэгтэй вэ?
-Ер нь хүн бүрийн харах, хүртэж, мэдэрч, ойлгож байгаа зүйлс өөр. Өөртэй чинь үггүй ярьж байгаа тийм урлаг бол уран зураг гэж би боддог.
-Өөрийн чинь ярианаас харахад уран бүтээлч болоход ээж тань их тусалсан юм шиг санагдлаа. Ээж нь өөрийн тань хүсэл мөрөөдлийг хэр дэмждэг вэ. Мөн ээжийн тань өөрт чинь хэлж хамгийн их захьдаг байсан зүйл юу бол?
-Мэдэхгүй шүү дээ. Би жаахан хүүхэд учраас хэн болохоо, юу руу чиглэхээ тухайн үед сайн мэдэхгүй байсан. Зүгээр л зурах дуртай хүүхэд байсан юм. Болохгүй зүйл байсан ч бүх зүйлд талархаж байгаарай гэж ээж маань дандаа хэлдэг байсан. Эхлээд түүнийг нь сайн ойлгохгүй шүү дээ. Болохгүй байхад яг юунд ч талархах ёстой юм бол гээд сайн ойлгодоггүй байлаа. Гэхдээ бүтэлгүйтэж байсан ч гэсэн тэр зүйлээс суралцаад талархаад яв л гэсэн үг байхгүй юу даа.
-Ээж тань “Би чамд хайртай” кинонд дүр бүтээгээ маш их алдартай болсон. Гэхдээ үүнээс хойш яагаадл уран бүиээлд тоглоогүй юм бол?
-Яагаад манай ээж тоотой хэдэн дүрд л тоглосон байдаг юм бол, яагаад өөр кино уран бүтээлд тоглоогүй юм бол гэж боддог байсан. Гэхдээ би ээжийнхээ сонголтыг үргэлж хүндэтгэнэ. Ээж маань өөрийгөө танья гэсэн эрэлч хүн. Нэг зүйлээр дагнаад, тэр зүйлээ кареераа болгоё гэж харахаас илүүтэй олон зүйлээр ертөнцийг танин мэдэх эрэл хайгуул нь тэр хүнд илүү сонирхолтой байсан гэж би бодож байна.
-Өнөөдөр хүүхдийн баяр тохиож байна шүү дээ. Өөрийн чинь хувьд хүүхэд насны баяраа хэрхэн өнгөрөөдөг байв?
-Хүүхдийн баяраар бэлэг аваад бужигнаад л өнгөрдөг байсан даа. Би чинь өөрөө айлын том учраас дүү нараа баярлуулна гэж л боддог байсан. Бид нарт хүүхдийн баярын бэлэг маш их ирдэг байлаа. Бүх өдөр л хүүхдүүдээ анзаардаг, ээжүүдээ анзаардаг байгаасай гэж л боддог доо.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа.