"Авлига өгч, авдаггүй болгох хуулийг нэг жилийн дотор батална" гэж АН-аас мэдэгдлээ

"Авлига өгч, авдаггүй болгох хуулийг нэг жилийн дотор батална" гэж АН-аас мэдэгдлээ

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр Ховд аймгийн иргэд сонгогчидтой уулзлаа. УИХ-ын 2024 оны сонгуульд хоёрдугаар тойрог буюу Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймагт тус намаас О.Цогтгэрэл, Ш.Адьшаа, Б.Пүрэвдорж, О.Амгаланбаатар, Б.Түвшин, З.Нарантуяа, Д.Батсайхан, Ц.Одонтунгалаг, Д.Батцогт, Н.Тэгшбаяр нар нэр дэвшиж буй юм.

Уг уулзалтын үеэр Л.Гантөмөр “Ховд аймаг дахь сонгуулийн сурталчилгааны нээлтийн бичлэгээс Ардчилсан намын 10 нэр дэвшигчийг чин сэтгэлээсээ дэмжиж байгааг мэдэрсэн. Бид Ховд аймагт “Өргүй Монгол”, “Бүтэн Монгол, бүрэн ардчилал” аян өрнүүлсэн. Олон ястны өлгий нутаг, эртнээсээ ухаалаг, амьдрах ухаантай, амьдралын төлөө тэмцдэг Ховдын ард түмэн маш сайхан хүлээн авсанд талархаж байна. Бид баруун бүсэд шилдэг залуусаа илгээсэн. Судалгаагаар одоогоор манай нам баталгаатай ялалт байгуулаад явж буйд намын даргын хувьд үнэхээр сэтгэл хангалуун байна. Эрх баригчдыг сольё гэдэг шийдвэрээ баруун бүсийнхэн гаргачихсан байна.

Манай Б.Пүрэвдорж тэмцэгчдийн үр сад гэдгээ харуулж байгаа. Аравхан суудалтай манай нам яагаад ч сөрөг хүчин байх бололцоогүй. Эрх баригчдын өөдөөс чадлаараа дуугарч байгаа. Дуугарахаас цаашгүй болоод 8 жил өнгөрлөө. 8 жилийн өмнө МАН 60 тэрбумын схем зохиогоод Монгол Улсад тэр чигтээ ялалт байгуулсныг бид мэдэж байгаа. Эрх баригчдын өөдөөс чадлаараа дуугарч буй Б.Пүрэвдоржоороо бид бахархаж байгаа.

Хэдийгээр эрх баригчид бүх хүчээрээ ардчиллыг нухчин дарахыг оролдож байгаа ч тэдний дунд эв данг нь олоод Ховдын хөгжлийн төлөө цуцашгүй зүтгэж буй Ш.Адьшаа гишүүнээрээ бахархаж байна. Нутгаа замтай болгоё, сумдаа хөгжүүлье, итгэл өгч сонгосон ард түмнийхээ амьдралыг өөд нь татахад тус болъё, багш нарыг компьютертой болгох гээд зүтгэж байгааг нь хараад сэтгэл хөдөлж байлаа. Та бүхэн Ш.Адьшаа гишүүнээ энэ удаа ч дэмжиж, ялуулахыг хүсье.

Бид юм үзэж, нүд тайлсан, ноён нуруутай, дуугарах газраа дуугардаг Д.Батцогтоо төр барихад хамгийн хэрэгтэй хүний нэг гэж үзээд нэр дэвшүүллээ. Шуналгүй, эрх мэдлээ ашигладаггүй, яг иргэдийнхээ дунд, түмний хүү, Монголын нэг аав, Монголын улс төрч байж чаддаг энэ ноён нуруу Монголын парламент, ардчилсан засагт хэрэгтэй. Судалгаанаас харахад, “Ховдын гурав”-ыг Увс, Говь-Алтай, Завханыхан ч дэмжиж байгаа.

Өөр нэгэн нэр дэвшигч О.Амгаланбаатар маань Говь-Алтай аймгийн Засаг дарга. Түүний нэг онцлог нь “газар дээрх” амьдралыг мэддэг. Тэмцэгч ойрадуудын үр сад гэдгээ байнга нотолдог. Яавал алс хязгаар нутгийг хөгжүүлэх вэ гэдгийг олоод харчихсан, түүнийгээ ажил хэрэг болгох гээд зүтгэдэг хүн. О.Амгаланбаатар боловсрол, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхийг зорьдог. Монгол хүний дундаж насыг яавал +80 болгох вэ гэдэгт өдөр, шөнөгүй толгойгоо гашилгаж яваа. Яавал хөдөөд амьдрал бий болгох вэ, мал аж ахуйг яаж босгож ирэх вэ гэдэгт анхаарч, Монголын эдийн засагт өнгө оруулах, үйлдвэржсэн баруун хязгаар болгохын төлөө зорьж байгаа.

Манай “Завханы гурав” шавилхан биеэсээ гарамгүй эрч хүчтэй. З.Нарантуяаг жагсаалтаар нэр дэвшүүлж болох байсан ч бид “Тойрогт нэр дэвшиж, гарч ирээд Засгийн газрын гишүүн болоорой” гэсэн зарчим баримталсан. Жагсаалтаар нэр дэвшсэн хүмүүсийг Засгийн газарт оруулахгүй гэдгээ хэлсэн. Сангийн сайд З.Нарантуяаг хармаар байгаа учраас баруун бүсэд нэр дэвшүүлсэн” гэлээ.

Түүнчлэн тэрбээр “Б.Түвшин гээд ноён нуруутай залуу бий. Манай санхүүгийн салбарын “толгой”. Үндэсний нягтлан бодогчдын холбоог босгож ирсэн. Б.Түвшин санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, татвар бууруулахад анхаарна. Бизнес эрхлэгчид томорч байж Монголын ард түмэн хүчирхэг болно гэдэгт хамгийн их анхаарал тавьж буй хүн бол Б.Түвшин” хэмээв.  

Тойрогт нэр дэвшиж буй 78 төлөөлөл нь ямар түүхтэй, юуны төлөө сонгуульд оролцож байгааг нь хэлж чадна хэмээн ам бардам өгүүлсэн Л.Гантөмөр “Завхан аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Батсайханыг бид нэр дэвшүүлсэн. Өнөөдөр Монголын эдийн засаг томрохгүй байгаа. Хамгийн том асуудлын нэг нь ядуурал. Үүгээр далимдуулж бүх саналыг худалдаж авах, эрх мэдэлтнүүд ноён суух гэж байна. Ядуурлын ар дээр ардчилал мөхөх гэж байна. Тиймээс бидэнд дөрөвхөн жил ажил хийх боломж олгохыг та бүхнээс гуйж байгаа. Бид улсынхаа эдийн засгийг босгож ирнэ. Үүнд санхүүч, хөдөөгийн амьдралыг сайн мэдэх Д.Батсайханы үүрэг их. 

 

Одоогийн эрх баригчид хөдөө гэхээр зөвхөн мал аж ахуй гэж боддог. Хөдөө байгаа багш, оюутнууд, цагдаа, эмч, бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчид, үйлдвэрлэгчид, тэтгэврийн хөгшчүүл юу хийх вэ гэдгийг бодолцохгүй байна. Бид хөдөөг малаар биш, ард түмнээр нь төсөөлж байгаа шүү гэдгийг хэлье. Хөдөөг зөвхөн мал, малчдаар төсөөлөхөө одоо болих хэрэгтэй. Мэдээж бид малчдаа дэмжих ёстой.

Увс аймгийн О.Цогтгэрэл маань хөгжлийн төлөө хад чулуу шиг зогсож чадна. Түмэн олны талд зогсож чадах хүнийг ол гэвэл О.Цогтгэрэл шүү. Ардчилсан намыг нэгтгэж чадсан хүн бол О.Цогтгэрэл. Нугардаггүй, гуйвдаггүй, арга зальд автдаггүй, хүн дагаж баясдаггүй, яг өөрийнхөө байр суурин дээр байдаг. Татварыг бууруулж, баруун бүсийг эрчимтэй хөгжүүлэхийг зорьж буй нэр дэвшигч.

Ховдын “хүргэн”, улсын заан Д.Бумбаярын гэргий Ц.Одонтунгалагийг Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн. Улс төрд ороод олон жил болсон, “хатаагдсан” хуульч. Хууль түмэн олонд зориулагдахаа болиод удаж байна. Хуулийг зөвхөн дарга нарт зориулж гаргадаг гажигтай болчихсон. Тиймээс бидэнд сайн хуульч хэрэгтэй.

Цөмийн физикч Н.Тэгшбаяр гэж нэр дэвшигч маань “номын”, дөрвөд хүн бий. “Зүтгэж байгаад Монголыг атомын цахилгаан станцтай болгомоор байна” гэж ярьдаг. Энэ бол сайхан мөрөөдөл. Монгол 50, 60 жилийн өмнө уран олборлодог, нефть боловсруулдаг байсан улс шүү. Эрдэмтдээрээ гайхагддаг байсан цаг бий. Харамсалтай нь бид эрдэм мэдлэг шүтдэггүй төртэй болоод удаж байна. Эрдэм шүтдэг төртэй болохын тулд цөмийн физикийн доктороо нэр дэвшүүлсэн” хэмээгээд 10 нэр дэвшигчийг нь багаар нь дэмжихийг хүслээ.

“Ардчилал гэдэг зүйлийг яавал бага байлгах вэ гэдэг сонгууль явагдаж байна”