Л.Гантөмөр: Энэ удаагийн сонгуулиас Монголын ирээдүй шууд хамаарна

Л.Гантөмөр: Энэ удаагийн сонгуулиас Монголын ирээдүй шууд хамаарна

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр Баян-Өлгий аймгийн иргэд сонгогчидтой уулзлаа. УИХ-ын сонгуулийн 3 дугаар тойрог Баян-Өлгийд хүчтэй багаа нэр дэвшүүлснээ тус намынхан хэлж байв. Тэдний дунд туршлагатай ахмад, залуу халаа нь болсон нэр дэвшигчид багтаж буй.

Энэхүү уулзалтын үеэр Л.Гантөмөр “Ардчилсан намын даргаар сонгогдсоноос хойш Баян-Өлгий аймагт дөрөв дэх удаагаа ажиллаж байна. Баян-Өлгийд ирэхэд ардчиллын төлөө зүтгэж буй хүмүүсээ хараад үнэхээр сайхан санагддаг. Нутгаа орхидоггүй, нүүр буруулдаггүй нэр дэвшигчдийг маань дэмжихийг хүсье.

Энэ удаагийн сонгууль бол маш хариуцлагатай сонгууль. Монголчууд ухаан гаргаж чадах уу, үгүй юү гэдгээс Монголын ирээдүй шууд хамаарна. 2016 онд ардчилагчид ялагдсан. 76 суудлаас 10, 2020 оны сонгуульд мөн ялгаагүй 11 суудал авч, сөрөг хүчин байх боломжгүйд хүрсэн. Ингээд МАН дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэсэн 8 жилийн дараа болж буй гэдгээрээ энэ удаагийнх туйлын ач холбогдолтой сонгууль. Ардчилал ялах уу, үгүй юү, Монгол ардчилсан улс байх уу, үгүй юү, Монгол оронд хүний эрх, эрх чөлөө үлдэх үү, үгүй юү, дарангуйлагч төрөх үү, үгүй юү гэдгийг шийдэх сонгууль болно. Монголын ард түмэн дээшээ гарсан дарга нарт хариуцлага тооцож чадах уу, үгүй юү гэдгээ энэ удаагийн сонгуулиар шийднэ. МАН-ынхантай хариуцлага тооцохоор зориг шулуудаад төв талбайдаа зогсож буй та бүхэндээ талархал илэрхийлье.

Энэ уулзалтад төрийн албан хаагчид ирээгүйг сая хэлж байна. Тэд МАН-ыг дэмжиж буйдаа ирэхгүй байгаа юм биш ээ, дарангуйлалд орчихоод байгаа юм. Дарга нар нь загнаад ирүүлэхгүй байгаа юм. Сэтгэлд зүрхэнд нь бол ардчилал бий. Дарга нараа солихыг хүсэж байгаа. Тэд шүд зуун тэвчээд, Ардчилсан намд саналаа өгчихөөд, сайхан инээгээд гарч ирэх өдрийг хүлээж байгаа. Дарангуйлалд хамгийн их цөхөрч буй хүмүүс бол төрийн албаныхан. Тэднийг бөөнөөр нь дууддаг, загнадаг, ажлаас нь хална гэж дарамталдаг. Тэд эрх чөлөөг хэнээс ч илүү хүсэж байгаа. Тиймээс энэ сонгуулиар өлгийчүүд Ардчилсан намын гишүүдийг дэмжинэ гэдэгт итгэж байна” хэмээн өгүүллээ.

Мөн тэрбээр “Нэр дэвшигчдээ нүдээ олж сонгосон гэдэгтээ бид итгэл төгс байгаа. Б.Бейсен бол хамгийн үлгэр жишээ улс төрч. Ард түмнээсээ холдоогүй, хоёр утас нь хэзээ ч унтардаггүй. Төрийн ажил гэхээс илүү ядарсан, зовсон, бие нь өвдсөн хүмүүс хэзээ, хэн нь утасдах бол, яаж тусалж чадах вэ гэдэг. Ард түмнийхээ дунд амьдарч байгаа төрийн ийм түшээг ахин дахин сонгох ёстой. Б.Бейсен бол Монголын эрүүл мэндийн салбарт өөрчлөлт хийх хүсэлтэй хүн. “Өвчнийг эмчилж чаддаг эрүүл мэндийн салбартай болмоор байна. Өвчинд үйлчилдэг эм уулгаж чаддаг улс орон болмоор байна” гэж байнга хэлдэг. Эм нь өвчинд үйлчлэхээ, үнэ нь дийлдэхээ больсон ийм улсад өвгөд хөгшдөө амьдруулмааргүй байна. Тиймээс эрүүл мэндийн салбараа хөл дээр нь босгож ирье гэдэг санал, санаачилгыг Б.Бейсен гаргаж байгаа. Бидэнд төлөвлөгөө бий” гэж тодотгов.

Ардчилсан намд үе солигдож байгаа гэв

Л.Гантөмөр мөн “Ардчилсан намд үе солигдож байгаа. Ардчилсан нам бол сайн дураараа эвлэж нэгдсэн хүмүүсийн цугларал. Өчигдөр, уржигдар Баян-Өлгий аймагт зарим намын дарга ирээд намайг Ц.Элбэгдоржтой холбосон сураг байна. Ц.Элбэгдорж гуай тэтгэвэртээ гарсаан.

Ардчилсан намд үе солигдож буйн дохио бол Ш.Жандос юм шүү. Шинэ үеийн төлөөлөл, санхүүгийн боловсрол нь “тулчихсан” хүн. Ш.Жандос “Залуусын амьдрал ахуйг өөд нь татахгүй бол дүрвээд дууслаа” гэж санаа зовниж явдаг хүн. Залуучуудад зориулсан хөтөлбөр боловсруулаад явж буй хүн бол Шаривын Жандос шүү.

Миний ард Ц.Элбэгдорж байхгүй ээ. Миний ард Ардчилсан намын 200 мянган гишүүн бий. Миний ард Лувсанням гэж өвгөн байгаа. Түүн шиг Жандосын ард Шарив гэж өвгөн бий. Ш.Жандосын ард Ардчилсан намын хэдэн мянган гишүүн, Баян-Өлгийн хэдэн мянган залуус байгаа. Ардчилсан намд үе солигдсон гэдгийг дахин хэлье” гэсэн юм.

Түүний танилцуулсан дараагийн нэр дэвшигч бол Х.Дармен. Л.Гантөмөр “Би Засгийн газрын гишүүн, Х.Дармен Засаг даргаар ажиллаж байсан. Бид хоёр инженер. Яагаад түүнийг нэр дэвшүүлсэн бэ гэвэл одоо залуучуудад ажлын байр хэрэгтэй. Тэднийг ажлын байртай болгохын тулд бид үйлдвэржүүлэх төлөвлөгөө боловсруулсан. Баян-Өлгийн залууст ямар ажлын байр байна вэ? Буудлын үйлчлэгч, жижүүр, дэлгүүрийн худалдагч, үсчнээс өөр ажлын байр алга. Үүний үндсэн шалтгаан нь манай улс үйлдвэргүй байгаатай холбоотой. Өнгөрсөн 8 жилд МАН үйлдвэр барьсангүй. Үйлдвэржилтийг дэмжсэнгүй. Дандаа худал ярьдаг, бусдыг гүтгэдэг хүмүүсээр удирдуулж байна. Энэ удаа инженер хүнийг УИХ-ын гишүүн болгож, үйлдвэржилтийг бий болгохыг бид зорьж байгаа. Би яагаад Японд 1000 инженерийг сургасан бэ гэхээр тэднээр 100 үйлдвэр байгуулуулах гэж явуулсан. Одоо аж үйлдвэрийн хувьсгал хийнэ ээ. Үүнд Х.Дармен дарга гар бие оролцоно. Алдагдсан 8 жилийн алдааг засах эрчимт хөгжлийн төлөвлөгөө Ардчилсан намд бий. Хүнээ хүчирхэг, өөдөө харж явдаг болгоно. Үйлдвэр барьж, ажил хийж сурсан хүмүүсээ нэр дэвшүүлсэн. Үйлдвэрүүдийн ТЭЗҮ нь Ардчилсан намд бэлэн байгаа. Аж үйлдвэрийн орон болгох төлөөвлөгөөг ажил болгох боломж бий” хэмээн тодотгов.

“Бизнесийнхэн нэгдүгээрт” гэсэн зарчим баримтална

Түүнчлэн тэрбээр Ардчилсан намаас жагсаалтаар нэр дэвшиж буй Конторбайн Жандосыг дэмжихийг уриалав. Түүний талаар Л.Гантөмөр “К.Жандос бол баялаг бүтээхийн зовлон, жаргалыг бүгдийг нь мэддэг болсон хүн. Татвар бууруулах, бизнес эрхлэгчдийг дэмжих мөрөөдөлтэй. Монголын эдийн засгийг босгож ирэхэд нөлөөтэй хоёр зүйл К.Жандост бий. Нэгдүгээрт, Турктэй гадаад харилцаа маш сайтай. Дэлхий хоёр хуваагдчихаад буй энэ цөвүүн цагт сайн гадаад харилцаатай байх ёстой. Маш сайн харилцаатай байх улсын нэг нь Турк. Хоёрдугаарт, төрийн дарамтаас бизнесүүдээ хамгаалах хэрэгтэй. Бид татвар, хураамжийг бууруулж, зөвшөөрлийн тоог багасгана. “Бизнесийнхэн нэгдүгээрт” гэдэг зарчим баримтална” гэв.

Аль нэгэн улс төрчийн нөлөөнд автахгүйгээ амлалаа

Ардчилсан намын дарга иргэд сонгогчдод хандан “Өнөөдөр салхи эргэсээн. Хөвсгөл аймгийн төв талбайд гурав, дөрвөн мянган хүн цуглаж, биднийг уухайлан хүлээж авсан. Архангайд мөн ялгаагүй, гурав, дөрвөн мянган хүн сайхан хүлээж авсан. Ардчиллын салхи салхилж эхэлсэн учраас МАН-ынхан өдөр, шөнөгүй гүтгэж, доромжилж байна. Үр хүүхдээр нь, гэр бүлээр нь, найз нөхдөөр нь, танил талаар нь гүтгэж байна. Ямар сайндаа Ц.Элбэгдорж Ардчилсан намтай хамаатай гэдэг гүтгэлэг явуулан, ядарсан арга ашиглаж, бүтэн тролл арми ажиллуулж байх вэ дээ. Би намын даргын хувьд баталгаатай хэлье. Ардчилсан намын асуудлыг шийдэж байгаа хүн нь Лувсаннямын Гантөмөр гэдгийг хатуу хэлье. Аль нэгэн улс төрчийн нөлөөнд автахгүйгээ амлаж байна.

Манай намын олон нийтийн сүлжээн дэх сурталчилгааг МАН блоколж, өөрсдөө хэдэн мянган тролл ажиллуулж, биднийг харлуулан, доромжилж байгаа. Гэхдээ бид та бүхнийхээ саруул ухаанд итгэж байна. Монгол төрөө “цэвэрлэх” цаг болсон. Монгол хүний төлөө байдаг төр бий болгох цаг болсон. Өнөөдөр зөвхөн МАН, дарга нарт үйлчилдэг төртэй боллоо. Монголд хууль засагладаг болох ёстой. УИХ-ын гишүүн гэх нэрийн ард нуугддаг “дархан” хулгайчидтай байх учиргүй. Энэ удаагийн сонгуулиар эрх мэдэлтнүүдийг солих хэрэгтэй. Бид ч төрийн удирдлагад удаан байвал сольж бай. Хүмүүсийг 8 жилээс илүү дарга хийлгэж болдоггүй юм байна. Эвдэрдэг юм байна. Бүр дарга болоод төрчихсөн юм шиг санадаг юм байна. Эрх мэдэлтнүүдийг солихыг уриалж байна” хэмээн тодотгов. Ардчилсан намынхныг халуун дотно хүлээж авсан Баян-Өлгийчүүд нэр дэвшигчдийг нь багаар нь дэмжихээ илэрхийлж байлаа.