МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэд бүтцийн салбарын инженерүүдтэй уулзлаа

МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэд бүтцийн салбарын инженерүүдтэй уулзлаа

Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хот байгуулалт болон дэд бүтцийн инженер, мэргэжилтнүүдийн төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа.  “Дэд бүтэц–Шинэ сэргэлт”  сэдэвт уулзалтад  УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд МАН-аас жагсаалтаар нэр дэвшиж буй  Хот төлөвлөлтийн инженер Г.Лувсанжамц, Эрчим хүчний инженер М.Энхцэцэг болон бусад нэр дэвшигчдийн төлөөлөл оролцов. Мөн  дэд бүтцийн салбарын инженер, мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцсон юм.

Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд “Монгол Улс УИХ-ын 76 гишүүнтэйгээр 30 жилийн турш явж ирсэн. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хувийн хэвшил хөгжиж, олон ургальч үзэл төлөвшиж, тодорхой дэвшлүүд гарсан. Гэхдээ 76 төлөөлөл гэдэг зөвхөн тухайн нутаг дэвсгэрээс гарч ирсэн дарга нар болсныг нийгэм шүүмжилж байна. Парламент иргэдээс хол, төрийн үүд хаалга иргэдэд хаалттай байсан. Ялангуяа хилийн чинадад байгаа монголчуудад төрийн сонгууль хамаатай биш байлаа. Улмаар парламентын нэр хүнд судалгаагаар доогуур гарч эхэлсэн. Парламентад мэргэжлийн дуу хоолой бага байсан. Тиймээс мэргэжлийн экспертүүд парламентад байх ёстой гэж үзэн МАН жагсаалтынхаа эхэнд  инженерүүдийг багтаасан.  Мөн үйлдвэрчний эвлэл, худалдаа аж үйлдвэрийн танхим, хилийн чинадад байгаа монголчууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг ч парламентад нэр дэвшүүлсэн. Энэ нь мэргэжлийн экспертүүдийн дуу хоолойгоор дамжин нийгэмд шинэ хандлага үүсээсэй гэж хүссэнийх. Монгол Ардын Намын дарга  тодотгосон.  Салбар салбарын дуу хоолойг парламентад оруулдаг жишиг цаашид үргэлжлээсэй гэж хүсэж байна. Энэ сонгуулиар бидний тогтоосон зарчим цааш үргэлжлэх үү гэдгийг шийдэх учраас хариуцлагатай цаг үе ирээд байна” хэмээн үг хэллээ.

“Дэд бүтэц–Шинэ сэргэлт” уулзалтад Монгол Ардын Намын жагсаалтыг тэргүүлж буй Хот төлөвлөгч, Мэргэшсэн архитектур, Хот байгуулалтын доктор, Ази, Латин Америкийн 10 гаруй улсын хот төлөвлөлтийн төсөлд зөвлөхөөр ажилласан туршлагатай Г.Лувсанжамц оролцож, Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн “20 минутын хот”-ыг байгуулах төлөвлөгөөгөө танилцуулсан юм. Тэрбээр “Миний мэргэшсэн чиглэл хот төлөвлөлттэй холбоотой. Бакалавр, магистр, докторын дипломын ажлын сэдэв маань Монгол Улс, Улаанбаатар хот, гэр хороолол, түгжрэлийн асуудал байсан. Гадаадад ажиллаж байх хугацаандаа ч хот төлөвлөлтийн алдаа гарсан улсуудын шийдлүүдийг судалдаг байлаа. Энэ туршлагадаа тулгуурлан “20 минутын хот”-ыг хэрхэн хэрэгжүүлэхийг тайлбарлая. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах дэд бүтцийн бүтээн байгуулалт нь

  • Иргэндээ чиглэсэн 20 минутын хот,
  • Үе шаттайгаар хөгжүүлэх Шинэ тойрог зам,
  • Өөдөө тэмүүлэх “Go Mongolia” гүүр,
  • Хөшигийн хөндийн дагуул хотын төслөөс бүрдэнэ.

“20 минутын хот” гэдэг нь 1.5-5 км радиус дотор нийгмийн дэд бүтцийг багтаасан төлөвлөлтийг хэлдэг. Иргэн төрд очиж үйлчилгээ авдаг биш төр нь иргэндээ хүрч үйлчилдэг философи юм. Энэ хүрээнд Улаанбаатар хотыг олон төвт иргэдийн оролцоотой хот болгон хөгжүүлэхээр төлөвлөсөн. 

Хотууд хөгжихийн хэрээр тойрог замаа хөгжүүлсэн байдаг. Токио хотын төвийн дүүргүүд найман тойрог замтай бол Улаанбаатар хоттой ойролцоо цаг уур, хүн амтай Финляндын нийслэл Хельсинки гурван тойрог замтай. Өнөөдөр Улаанбаатар хот 697.870 машинтай ба жил болгон 10 хувиар машины тоо өсөөд байхад авто замын сүлжээ нь хоёрхон хувиар өсөж байгааг өөрчлөх ёстой. Энэ чигээрээ явах юм бол 2030 онд хотын хүн ам 1.8 сая болж, ачааллын үед замын дундаж хурд 5 км/ц болох эрсдэлтэй. Тиймээс тойрог замыг үе шаттайгаар хөгжүүлэх шаардлагатай байна. Ингэснээр 2030 онд Улаанбаатар хотын суурьшлын бүс тэлж, гол болон туслах замын ачаалал 20-25 хувиар буурч, жилд 400 тэрбум төгрөгийн эдийн засгийн үр нөлөөг бий болгоно. Мөн Улаанбаатар хотоор урсаж байгаа голуудыг гатлах оновчтой байрлалд “Өөдөө тэмүүлэх–“Go Mongolia” гүүрийг байгуулахаар төлөвлөсөн. Одоогийн байдлаар зургаан эгнээ, хоёр урсгалтай, 900 метр урттай хос цамхагт гүүр төлөвлөөд байна.  Хөшигийн хөндийн дагуул хотыг дундаас урт хугацаанд төлөвлөсөн. Хөшигийн хөндийд 150 мянган хүнтэй дагуул хот байгуулахаар төлөвлөж байна” хэмээн сонирхолтой илтгэл танилцуулав. 

Уг илтгэлийн дараа Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Миний хүсэж байсан шинэчлэл бол энэ. Улстөрчид хот төлөвлөх гээд хэрэггүй. Харин чаддаг хүмүүст нь орон зайг нь гаргаж өгөх ёстой. Бидний шинэ 30 жилийн анхдагч цэг бол энэ. Инженер Г.Лувсанжамцтай хамт хот байгуулалтын инженерүүд төр засагтаа дуу хоолойгоо хүргэх боломжтой болсон. Мэргэжилтнүүд хот төлөвлөлтөө хийдэг, улстөрчид дэмжих шийдвэрийг гаргадаг байх шинэ 30 жил ийнхүү эхэлж байна” хэмээсэн юм. Тэрбээр мөн “Ирэх дөрвөн жилд Засгийн газар хот төлөвлөлт, эрчим хүчнийхээ шинэчлэлийг бүрэн хийх болно. Үүнд, МАН-ын жагсаалтын эхэнд бичигдсэн шилдэг инженерүүд манлайлан оролцоно гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцолсон юм.

Дараа нь Монгол Ардын Нам жагсаалтын хоёрдугаарт нэр дэвшсэн Австралийн Middleton группийн эрчим хүчний ахлах инженер, тархмал эх үүсвэр, ногоон эрчим хүчний чиглэлээр докторын зэрэг хамгаалсан шилдэг эрдэмтэн М.Энхцэцэг эрчим хүчний салбарын тулгамдсан асуудал, гарц шийдлийн талаар саналаа хэлсэн юм.