Жижиг дунд үйлдвэрийн хөгжил, бохирдлын асуудал нь Монгол Улсын өрсөлдөх чадварыг хойш татжээ

Жижиг дунд үйлдвэрийн хөгжил, бохирдлын асуудал нь Монгол Улсын өрсөлдөх чадварыг хойш татжээ

Монгол Улс дэлхийн 67 улсаас өрсөлдөх чадвараараа 61 дүгээрт эрэмбэлэгдэж, 100 оноо авахаас 46.3  оноотой авсан талаар бид өмнө нь мэдээлсэн.  Монгол дахь албан ёсны түнш  болох “Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”-өөс дэд захирал И.Одончимэг, судлаач Ч.Ганбат нар энэхүү тайланг танилцуулсан юм.

Монгол Улс энэ тайланд 2015 оноос хойш багтаж байгаа бөгөөд Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн мэдээлснээр 2018 оноос хойш онооны үзүүлэлт тогтмол буурсаар байна. 2023 оны тайланд нийт 64 улсыг жагсааснаас Монгол Улс 100 онооноос 35.56 оноо авч 62-т буюу хойноосоо гуравт эрэмбэлэгдсэн. Энэ нь өмнөх  оноос 0.64 оноогоор буурч, нэг эрэмбэ ухарсан үзүүлэлт юм.  Засгийн газрын чадамж хамгийн бага буюу ердөө 5.5 оноо авсан. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн үзэж буйгаар Монголд багийн дарга, Иргэдийн хурлаас эхлээд Засгийн газар, УИХ хүртэлх бүх түвшинд засаглалын хямрал нүүрлэснийг онцолсон. Тэгвэл 2024 онд 67 орноос 61-т буюу даруй зургаан орноор хойшилсон. Энэ нь өмнө энэ судалгаанд ордоггүй гурван оронг нэмсэн нь нөлөөлжээ.

Манай улс 2016-2018 онд өрсөлдөх чадварын оноо өссөн бол 2023 он хүртэл энэ оноо тасралтгүй буурсаар энэ онд ийнхүү өсөлттэй гарсан байна. Ази, Номхон далайн нийт 14 улсаас 14 дүгээрт байна. Түүнчлэн нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ нь 20 мянган ам.доллараас бага 23 улсаас 17-д эрэмбэлэгджээ. 20 саяас бага хүн амтай 37-н улстай харьцуулахад 37-д буюу сүүл мушгисан. Манай улс найман үзүүлэлтээр сүүл мушгисан бол мөн найман үзүүлэлтээр эхний байруудад эрэмбэлэгджээ. Тухайлбал, оффисын түрээс, үндсэн хөрөнгийн хуримтлал бодит өсөлт, ажилгүйдлийн түвшин,удирдлагын цалин, ДНБ-ий өсөлт, дотогш чиглэсэн шууд хөрөнгө оруулалтын урсгал зэргээр эхний байруудад эрэмбэлэгдсэн. Харин экспортын түвшний төвлөрөл эдийн засгийн уян хатан байдал, жижиг дунд үйлдвэрийн хөгжил, бохирдлын асуудал зэргээр 67-д оржээ. 2024 онд Монгол Улсад тулгарч болох сорилтуудаар төсвийн зардал нэмэгдэх нь мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг өдөөх магадлалтай. Түүнчлэн сонгуулийн дараагаар валютын ханшийн савлагаа үүсэж болзошгүй. Мөн нүүрсний экспорт хэмжээ болон үнийн хувьд огцом буурвал эдийн засгийн сорилтууд үүсгэж болзошгүй.  Хотын менежментийг сайжруулж бохирдол, дэд бүтцийн асуудлуудыг шийдвэрлэх хөрш улсуудын геополитикийн хурцадмал байдал нь эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй зэрэг сорилтуудтай тулгарна гэж эдийн засагчид анхааруулж байна.