ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Монгол улс БНХАУ руу гаргадаг нүүрсний экспортоо зогсоолоо

ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Монгол улс БНХАУ руу гаргадаг нүүрсний экспортоо зогсоолоо

Дэлхийн эдийн засагт БНХАУ-ын эзлэх хувь 2003 онд дөрвөн хувь байсан бол 2019 онд 18 хувь болсон. Харин шинэ коронавирусийн халдварт өвчин гарснаар Хятад  болон дэлхийн эдийн засагт ихээхэн хохирол учруулж болзошгүй байна.

-ДЭЛХИЙН ТОМООХОН КОМПАНИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ДОГОЛДОЛ ҮҮСЧ ЭХЛЭВ- 

Олон Улсын Банк санхүүгийн байгууллагууд, Төвбанкууд БНХАУ-д дэлгэрч байгаа халдварт өвчнөөс үүдсэн дэлхий нийтийн худалдааны сааралт, бизнесийн тасалдал, түүнээс үүдэж болох үр дагаварт ихээхэн анхаарал хандуулан судалсаар байна. Халдварт өвчний улмаас дэлхий даяар олон мянган компанийн үйл ажиллагаанд аль хэдийн доголдол үүсч эхэлсэн. Учир нь дэлхийн томоохон компаниуд Хятад улсаас сэлбэг хэрэгсэл, түүхий эдээ авдаг тул ханган нийлүүлэлтэд тасалдал үүсээд байгаа юм.

Тодруулбал Хятад улсад салбар нь байрладаг Wolkswagen, Toyota, Daimler, GM, Renault, Honda, Hyundai зэрэг олон тооны автомашины үйлдвэрлэл түр зогсоод байна.

Мөн  Азид гэхэд л Японы “Nintendo” компани зах зээлд нийлүүлэх ёстой зарим төрлийн видео тоглоом болон дагалдах хэрэгсэлийг цаг хугацаанд нь нийлүүлэх боломжгүй болсон. Учир нь “Nintendo” тоглоомын удирдлагын гар зэргийг Хятадын компани ханган нийлүүлдэг.

Нэгдүгээр сарын 31-ний байдлаар Apple, Carlsberg, Electrolux, Foxconn's, H&M, LG display, Macdonald's, Samsung Electronics зэрэг олон компанийн үйл ажиллагаанд мөн л доголдол үүсчээ.

Цаашлаад түүхий эд, металлын ханшийг доош нь татаж эхэлсэн. Хятадын эрэлт буурсантай холбоотойгоор түүхий эд, металлын үнэ ханш суларч байгаа. Газрын тосны эрэлт, үнэ нь буурсаар 68 ам.доллараас 54 ам.долларт хүрч байна.

Хэрэв энэ өвчлөл цаашид цар тахалын түвшинд хүрэлгүй намжвал учрах хохирлыг давах боломжтой юм. Хэрэв тархалт улам үргэлжилж "Pandemic" буюу тахлын түвшинд хүрвэл дэлхийн эдийн засагт учрах хохиролыг дэлхийн нийт ДНБ-ний 5 хувьтай тэнцэх боломжтой (ойролцоогоор $3.0 их наяд хохирол) гэж Дэлхийн банкны шинжээчид таамаглажээ.

КОРОНАВИРУС МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГТ

Манай улсын эдийн засагт аль хэдийн хүндрэл учраад эхэлсэн гэж хэлж болно. Гадаад худалдааны тэнцэл нэгдүгээр сард алдагдалтай гарч Улсын онцгой комиссын шийдвэрээр нүүрсний экспорт зогссоноор алдагдал нэмэгдэж, төсвийн татварын орлого төлөвлөснөөс нилээд хэмжээгээр тасрах нөхцөл байдал үүсээд байгаа билээ. 

Тодруулбал, энэ сарын 10-ны өдөр Улсын онцгой комисс хуралдаж нүүрс экспортыг албан ёсоор зогсоох шийдвэрийг гаргасан. Уг шийдвэрийн талаар дэлхийн томоохон мэдээллийн агентлаг болох Ройтерс, BBC эдийн засгийн буландаа онцолжээ.

Хэд хоногийн өмнө Гаалийн Ерөнхий газраас 2020 оны нэгдүгээр сарын гадаад худалдааны статистик мэдээллийг танилцуулахад

  • Экспорт 459 сая ам.доллар болж өнгөрсөн оны мөн үеэс 147.7 сая ам,доллараар буюу 24.4 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан.
  • Импортын хувьд мөн л өнгөрсөн оны мөн үеэс 20.6 сая ам. доллараар буурсан.
  • Гадаад худалдааны тэнцэл нэгдүгээр сард 14.3 сая ам.долларын алдагдалтай гарсан.

Манай улсын хувьд шууд мэдрэгдэх эхний үр дагавар нь экспортод гаргах нүүрс, төмрийн хүдрийн биет хэмжээ буурах, мөн зэс, төмрийн хүдрийн үнэ ханшийн буурах сөрөг үр дагавараар мэдрэгдэж эхэлсэн. Судлаачид Хятад улсын нүүрсний импорт өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш аажим сэргэнэ гэж тооцоолж байсан ч энэ үйл явц богино хугацаанд бус гурваас дөрвөн сарын турш аажмаар үргэлжлэх төлөвтэй байна.

Халдварт өвчний дэгдэлт, тархалт тодорхой улс орны болон дэлхийн эдийн засагт алдагдал, хохирол, ул мөрөө үлдээсээр ирсэн. Өмнө нь 2009 онд гарч байсан H1N1 вирусын гаралтай томуугийн улмаас дэлхийн эдийн засагт 0.5%-ийн хохирол учирсан гэсэн тооцоо байдаг. Харин энэ удаагийн коронавирусийн тархалтын улмаас учрах хохирол үүнээс ч илүү их байх магадлалтай гэж судалгааны байгууллагууд үзэж байна.