З.Энхболд: Би С.Эрдэнийн ахлах зөвлөхөөр ажиллана

З.Энхболд: Би С.Эрдэнийн ахлах зөвлөхөөр ажиллана

Ерөнхийлөгчийн Тамгын газар /ЕТГ/-ын дарга З.Энхболд ажлаа хүлээлгэн өгч буйгаа өнөөдөр /2020.02.13/ мэдэгдэв.

Тэрбээр “Өргөдлөө өгөөд өнөөдөр ажлаа өгөх гэж байна. Сүүлийн гурван сар сонгуулийн ажилд төвлөрөх шаардлагатай. Ерөнхийлөгч өргөдлийг хүлээж авна гэдгээ амласан. Ерөнхийлөгчтэй сайн харилцаатай байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр, зарим ташаа мэдээлэл гарч байна. Тэдгээр нь бүгд цуурхал, гагцхүү сонгуулийн ажилдаа төвлөрөх гэж байгаа нь үнэн. АН-ын даргын орон тооны бус зөвлөхийн ажилд томилогдсон тул сонгуулиар нэр дэвшихийн сацуу намын компанит ажилд оролцоно. ЕТГ-ын даргаар Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир томилогдоно” хэмээв. 

Ө.Шижирийн хувьд Хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга юм. 

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Таныг С.Эрдэнийг өмөөрч ерөнхийлөгчтэй ам зөрсөн гэсэн мэдээлэл байна?

-Би хэнтэй ч санал зөрөөгүй. Би Ерөнхийлөгчтэй сайн харилцаатай хэвээрээ байгаа. Өмнөх сонгуулиар би онгоцтой улс тойрсоор байгаад сонгуульд ялагдсан. Одоо амиа бодмоор байна. Аль нэг тойрог сонгож ажилламаар байна. Уг нь ажлаа өгөхгүй хийж болох ч энд байхаар хэл аманд ороод байгаа учир Ерөнхийлөгч намайг сонгуулиа бод гэсэн. Би бүх хүнтэй хэвийн харилцаатай байгаа. Миний тухай бичиж байгаа бол надаас заавал асуудаг байх сэтгүүл зүйн зарчмаа баримтлаарай.  

-Таныг Өвөрхангай аймгаас бэлтгэсэн “Цензургүй сурвалжилга”-ыг захиалж хийлгэсэн гэж үзэж байна?

-Би тэр нэвтрүүлгийг зөв гэж бодож байгаа учраас хуваалцсан. Тэнд ИТХ-ын гишүүн болохгүй л бол тендер олддоггүй балай систем үйлчилж байна. Тиймээс бусад аймгууд ч гэсэн ийм нэвтрүүлэг хийх хэрэгтэй. Сэтгүүлч нар ил болгох хэрэгтэй. Г.Батхүү агсан бид хэд Я.Содбаатар нар шиг ЖДҮ-ийн зээл авч байгаагүй. Тийм ёс зүйгүй байгаагүй юм.