Хорио цээрийн энэ үед ШӨХТГ үүргээ биелүүлж, үнийг бүрэн хянаж чадаж байна уу

Хорио цээрийн энэ үед ШӨХТГ үүргээ биелүүлж, үнийг бүрэн хянаж чадаж байна уу

Ахмадуудын тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа тэглэж мөн Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг нэмэх, цалингийн зэрэглэлийг шинэчлэх, ахмадуудын тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхээр шийдвэрлэсэн нь ард иргэдийн худалдан авах чадварыг сайжруулсан байна. 

Энэ хэрээр зах зээлд худалдан авах эрэлт нэмэгдэж байгааг мэргэжлийн байгууллагууд мэдээлж байна. 

Гэхдээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шинэ коронавирусийн тархалт нийгмийн эрүүл мэндийн байдалд нөлөөлөх төвшинд хүрснийг зарласантай уялдан Засгийн газраас иргэдийн зорчих хөдөлгөөн, хил нэвтрэлтийг онцгой горимд шилжүүлсэн явдал иргэдийн худалдан авалтыг эрс нэмэгдүүлж бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нөөцлөх болсон нь зах, худалдааны төв, дэлгүүрүүдэд зохиомол хомсдол үүсэх, бүтээгдэхүүний үнэ өсгөх эрсдэл бий болгоод байгаа аж.   

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар үнийн нэмэгдлийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар /ШӨХТГ/ хянах үүрэгтэй. 

Гэтэл тус байгууллага үндсэн ажлаа хийхгүй байна гэх шүүмжлэлийг иргэн, аж ахуй нэгжүүдийн зүгээс хэлсээр байна. Тодруулбал, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Монгол Улсын Өрсөлдөөний тухай хуулийн 6.1.1-д “Зах зээлд нийлүүлж байгаа бараа, бүтээгдэхүүний тоо, хэмжээний өөрчлөлтийн талаар хүчин чадалтай нь уялдуулан хянан зохицуулна”, 6.1.2-т “Бодит зардлыг нь харгалзан тухайн бараа, бүтээгдэхүүнийг борлуулах үнийн өөрчлөлтийг хянан зөвшөөрөл олгох” бүрэн эрхтэй байхаар хуульчлагдсан байна.

Иймд улс оронд бий болсон "хорио цээр"-ийн эгзэгтэй энэ цаг мөчид ард иргэдээ хямд, тогтвортой үнээр хангах чиглэлд Өрсөлдөөний тухай болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг хэрэгжилтийг хариуцан зохицуулах чиг үүрэгтэй Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар ажлаа мэргэжлийн өндөр ТҮВШИНД хийж гүйцэтгэх шаардлага байна.