Чонотой тулалдаж эсэн мэнд гарсан өвөө, хүү хоёрыг сурвалжиллаа

Чонотой тулалдаж эсэн мэнд гарсан өвөө, хүү хоёрыг сурвалжиллаа

Энэ сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн Халиун суманд 70 настай иргэн н.Нэргүй, 12 настай зээ хүүгийнхээ хамт малаа хариулж явтал чоно дайрсан хэрэг гарчээ. Тухайн өдөр цасан шуургатай, үзэгдэх орчин муу байсан бөгөөд чоно эхлээд хүү рүү дайрсан байна. Сандарч мэгдсэн н.Нэргүй гуай тулж явсан модоороо чоныг амыг тэвхдэх зуур хүү чулуугаар цохин, чоноос амьд мэнд мултарчээ.

Бид болсон үйл явдлын талаар н.Нэргүй гуайгаас тодруулахаар холбогдсон ч биеийн байдал нь сайнгүй, яриа өгч чадахгүй гэсэн тул түүний төрсөн хүү Н.Пүрэв-Очироос тодруулсан юм.

-ЧОНО ЭХЛЭЭД ХҮҮГИЙН МААНЬ ХӨЛИЙГ ХАЗАН, ГАРЫГ НЬ БЭРТЭЭСЭН БАЙСАН-

-Тухайн өдөр ямар үйл явдал болсон юм болоо. Хэдэн цагийн үед ийм хэрэг гарав?

-Үд өнгөрч байсан. Өглөөгүүр тэнгэр тогтуун байсан ч үд өнгөрөхөд гадаа цасаар шуурч, цаг агаар нэлээн муудсан. Аав, хүү хоёр маань малаа хариулж явтал гэнэт чоно дайрсан гэсэн. Тэр чоно хэд, хэдэн айлын мал руу дайрч дараа нь тэдэн рүү дайрсан байна лээ.

-Аав болон хүүгийн тань биеийн байдал хэр байгаа вэ. Хэр зэрэг бэртэл авсан юм бэ?

-Одоо бол биеийн байдал нь сайн байгаа ч аав маань настай хүн тул даралт нь тогтворгүй байгаа. Хүү маань нэлээн хүнд шархадсан байсан. Гарандаа том шархтай, таван оёдол тавиулсан. Бас өвдөг хэсгээс хазсан тул соёо нь гүн орсон байсан. Чоно эхлээд хүүгийн маань хөл рүү дайрч хазан, гараараа хаахад гарыг нь бэртээсэн байсан. Аавын минь ч гэсэн гарын хоёр алга руу соёо нэлээн гүн орсон байсан. Аав тулж явсан модоороо чонын амыг тэвхдэхэд хүү мултарч чулуугаар цохисон гэсэн. Тэгээд л арайхийн мултарсан юм байна лээ.

-Тухайн үед дуудлагыг хэн өгсөн бэ?

-Дуудлагыг эхлээд манай том эгч өгсөн. Том эгч гэртээ байж байтал урд айлаас хүн ирж сураг дуулгасан байна лээ. Цасан шуургатай болохоор эмнэлгийн машин ирээгүй. Бид аймгийн төвөөс эмч дагуулан машинаар очсон. 

Бид тухайн дуудлагыг хүлээн авч очсон Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийг түргэн тусламжийн эмч н.Баатарцогттой холбогдон дуудлагыг хүлээн авч очиход нөхцөл байдал хэр байсан, өвөө зээ хүү хоёрын биеийн байдал ямар байгаа талаар тодруулсан юм.

-Дуудлагыг хэдэн цагийн үед хүлээн авсан бэ? Таныг очиход байдал хэр байв?

-Барагцаагаар 21.00 цагийн үед байсан санагдаж байна. Намайг очиход хүүгийн доод гуя олон тооны хазуулсан, зулгарсан шархтай байсан. Харин өвөө нь хоёр алгандаа шархтай, хоёр гарынхаа эргэн тойронд хазуулсан байсан.

-Анхны ямар тусламж үзүүлсэн бэ?

-Шархыг угааж, ариутган, тодорхой хэмжээний оёдол тавьсан.

-Одоо биеийн байдал нь хэр байгаа бол?

-Биеийн байдал нь харьцангуй тогтворжиж, зовиургүй болсон. Зөөлөн эдийн гэмтэлтэй гэсэн оноштойгоор аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байна. 

Б.САРАНГЭРЭЛ