Нийслэлийн хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлтын явц 55 хувьтай байна

Нийслэлийн хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлтын явц 55 хувьтай байна

Өнөөдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газраас худалдаа үйлчилгээ, болон аж ахуйн нэгжийн ариутгалын явцын талаар мэдээллээ.

Нийслэлийн хэмжээнд нийт 11600 худалдаа, үйлчилгээний газрууд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хоёрдугаар сарын 8-аас хойш нийт 6398 цэгүүдэд ариутгал хийж, халдваргүйжүүлэлтийн явц 55 хувьтай явагдаж байна.

Тухайлбал нийслэлд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 3488 цэгээс/баар, ресторан, кафе зэрэг/1509 цэгт, ахуйн үйлчилгээний 2430 цэгээс 1492 цэгт, хүнс худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 5661 худалдааны цэгээс 1937-д тус тус халдваргүйжүүлэлт ариутгал хийсэн байна.

Мөн эрсдэл бүхий газрууд болох автобусны буудал, гүүрний доорх хонгил, нүхэн гарцуудад халдваргүйжүүлэлтийг хийж эхэлсэн байна.

Ариутгал, халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөл бүхий, үнэмлэхтэй ажилчдаар хийлгэж байгаа бөгөөд аж ахуй нэгжүүдийн ариутгал халдваргүйжүүлэлтийг нэг квадрат метрийг 200 төгрөгөөр хийж байгаа юм байна. Ариутгал хийхийн тулд тухайн оффис заавал их цэвэрлэгээ хийгдсэн байх шаардлагатай тул аж ахуй нэгжүүд ариутгалд бэлдэн орчны цэвэрлэгээгээ хийхийг НМХГ-аас анхаарууллаа.