"Парис 2024" паралимпын наадмын -90 кг-ын жинд зодоглох Б.Баттөгсөөс допинг илэрсэн байж болзошгүй байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл Б.Баттөгсөөс допинг илэрсэн нь үнэн гэдгийг эх сурвалж баталлаа. Тодруулбал, "Парис 2024" паралимпын наадмын -90 кг-ын жинд цагаан хуудсаар зодоглох байсан Б.Баттөгсөөс Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага өнгөрсөн долдугаар сарын 29-ны өдөр допингийн шинжилгээ авсан байна. Тус шинжилгээгээр Б.Баттөгсөөс допинг илэрсэн тул тухайн тамирчин болон дасгалжуулагч нарт нь энэ талаар МҮДЭБ-аас мэдэгдэж, тэмцээн уралдаанд оролцох эрхийг нь хязгаарласан аж.
Гэсэн ч Монголын Жүдо бөхийн холбоо тухайн допинг илэрсэн тамирчныг Парис руу авч яваад зогсохгүй, олимпын хотхонд бэлтгэл сургуулилтыг нь хийлгэж байжээ. Энэ нь Монгол Улсын бүх тамирчдыг эрсдэлд оруулах нөхцөлийг бүрдүүлсэн гэсэн үг юм.
Учир нь Дэлхийн допингийн эсрэг байгууллагаас допинг илэрсэн тамирчинг тэмцээн уралдаанд оролцуулсан тохиолдолд тухайн улсын спортын тэмцээн уралдаанд оролцох эрхийг 2-4 жилээр хасах хариуцлага тооцдог юм.
Харин энэ талаарх мэдээллийг Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага мэдэж, улмаар Монголын Паралимпын холбооны удирдлага хийгээд ахалж явсан Н.Оюунбат нарт энэ талаар сануулахад допинг илэрсэн тамирчин болох Б.Баттөгсийг олимпын хотхоноос гаргах арга хэмжээг яаралтай авсан байна. Энэ ч утгаараа Монголын тамирчид эрхээ хасуулахгүй, эрсдэлээс гарсан байгаа юм.
Ямартай ч допинг илэрсэн тамирчныг паралимпын наадамд авч явж, тэр ч байтугай тэмцээнд нь оролцуулахыг санаархсан эрх бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудал хөндөгдөж эхэлсэн байна. Тодотговол допинг илэрсэн Б.Баттөгсийг паралимпод дасгалжуулж байсан дасгалжуулагч, бэлтгэл хангагч гэх мэт албан тушаалын хүмүүсийн спортын төрлийн тэмцээн уралдаанд оролцох, дасгалжуулахы эрхийг 2-4 жилээр хасаж магадгүй байгаа аж.