Монголын сагсан бөмбөгийн дээд лигт хэдийн байр сууриа олж, үзэгчдийг байлдан дагуулж чадсан баг бол яах аргагүй “IHC Apes”. Inflation Hedging Coin (IHC) компанийг үүсгэн байгуулагч О.Мөнхжин тус багийг нэгтгэн дээд лигт хүчтэй өрсөлдөгчдийн нэг болгосон.
Тэрээр анх "IHC Apes" сагсан бөмбөгийн багаа бүрдүүлэх үедээ 5 тэрбумыг зарцуулж байсан гэх мэдээлэл байдаг ба багаа “Шунхлай” группт 6 тэрбум төгрөгөөр зарахаар болсон гэх албан бус мэдээллийг эх сурвалж бидэнд өнгөрөгч гуравдугаар сар /2024.03/-д өгч байсан.
Тухайн үед бид энэ талаар IHC Apes багийн зарим тоглогчдоос тодруулахад “баг зарагдах болсон талаар мэдээлэл одоохондоо аваагүй байна. Хэрвээ зарагдахаар бол энэ бүрэлдэхүүнээрээ цаашид тоглох эсэхээ багаараа ярилцаж байж шийдэх байх. Баг дотор ямар нэгэн санхүүгийн асуудал, хоорондын маргаан гараагүй” гэсэн мэдээллийг өгч байв.
Өчигдөр /2024.09.12/ О.Мөнхжин АПУ ХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга, Скайтел ХХК-ийн ТУЗ-ийн дарга, Шунхлай холдинг ХХК-ийн Ерөнхийлөгч П.Батсайхантай хамт авхуулсан гэрэл зургийн хамтаар "Mentor, Role model, Larger than life person, Mr.shunkhlai, Thank you so much" гэсэн сэтгэгдлийг нийтэлсэн байна.
Зарим эх сурвалжууд энэ талаар "О.Мөнхжин сагсан бөмбөгийн “IHC Apes” багийнхаа 50 хувийг Шунхлай холдинг группийн эзэн П.Батсайханд бэлэглэсэн" гэх мэдээллийг өгч байгаа юм. Мөн “IHC Apes” багийн 50 хувийг 4 тэрбум төгрөгөөр П.Батсайханд худалдсан гэх албан бус мэдээлэл ч байна.
Тэгвэл энэ талаар албаны эх сурвалж, "Шунхлай групп “IHC Apes” багтай маркетингийн чиглэлээр хамтран ажиллахаар гэрээ байгуулсан. Энэ хүрээнд лого байршуулах, сошиал сурталчилгаа зэрэг маркетингийн ажлууд явагдана" гэсэн мэдээллийг өглөө.
-О.МӨНХЖИНГИЙН ААВ Ц.ОТГОНБААТАР "IHC APES" БАГИЙГ ДАСГАЛЖУУЛДАГ-
"IHC Apes" өнгөрөгч гуравдугаар сарын 1 /2024.03.01/-нд плей-оффын хагас шигшээ шатны цувралын тав дахь тоглолтыг “Бишрэлт металл”-тай хийж хожигдол хүлээсэн. Харин тэрхүү чухал тоглолтынхоо өмнө тус баг Славолуб Лале Горунович гэх ахлах дасгалжуулагчаа халах шийдвэр гаргасан юм. Үүний дараа сүүлийн гурван тоглолтон дээр О.Мөнхжингийн аав Ц.Отгонбаатар “IHC Apes” багийг дасгалжуулсан.
Одоогийн IHC Apes багийн бүрэлдэхүүнд :
- М.Өлзий-Орших
- Б.Тулуй
- Н.Ганбаатар
- Э.Цэрэнбаатар
- Ц.Санчир
- Ц.Сэргэлэнбаатар
- Anthony Smith
- Н.Батбаяр
- Kyree Walker нар багтаж байгаа бөгөөд Азийн ДАШТ-ний шигшээ багт М.Өлзий-Орших, Н.Батбаяр нар багтдаг.
Тэгвэл сагсан бөмбөгийн багийнхаа тодорхой хувийг монголын нөлөө бүхий эрхэмд бэлэглэсэн гэх О.Мөнхжин нарт холбогдох эрүүгийн хэрэг ямар шатандаа яваа талаар сонирхож байж магадгүй юм.
-О.МӨНХЖИН, Б.ГАНТИГ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШАЛГАХДАА ХУУЛИЙГ НОЦТОЙ ЗӨРЧСӨН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ХЭМЭЭН ПРОКУРОРТ БУЦААСАН-
Учир нь "Их бит" ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал О.Мөнхжин, гүйцэтгэх захирал Б.Гантиг нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрөгч тавдугаар сарын 17 /2024.05.17/-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Харин шүүх хуралдааны эхэнд шүүгдэгч нарын өмгөөлөгч "Шүүх хурлыг хаалттай явуулж өгөх хүсэлт" гаргасан бөгөөд шүүх бүрэлдэхүүн тус хүсэлтийг хүлээн авч, хэргийг хаалттай хэлэлцсэн байдаг. Улмаар шүүхээс тус хэргийг прокурорт буцаасан.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон урьдчилсан хэлэлцүүлгээр тус хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байж болзошгүй хэмээн нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан юм.
Эргэн сануулахад, Нийслэлийн прокурорын газраас тэднийг гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, нэр бүхий койны үнэ цэнд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглан өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийн дансаар койн арилжаалсан, мөнгө угаасан, худал мэдэгдэл хийж олон нийтийг төөрөгдүүлэн, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашигласан гэж үзсэн байдаг. Тиймээс Эрүүгийн хуулийн 18.19 дүгээр зүйлийн 2.1, 2.2 /Виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод мэдээллийг хууль бусаар ашиглах/, 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/, 18.20 дугаар зүйлийн 1 /Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм.