Засгийн газрын шийдвэрээр "Парис 2024" зуны олимп, паралимпын наадамд эрх авч оролцсон тамирчид болон олимпын наадмыг дэнсэлсэн шүүгч нарт тус бүр нь 10 сая төгрөгийн нэг удаагийн мөнгөн урамшуулал олгохоор болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл "Парис-2024" олимп, паралимпын наадамд амжилт гаргасан болон эрх авч оролцсон тамирчид, дасгалжуулагч нарт хүндэтгэл үзүүлж, мөнгөн шагналын батламж гардуулах ёслол өнгөрсөн долоо хоногт болжээ. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Монголын Үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг, Монголын Паралимпын холбооны ерөнхийлөгч Д.Нямхүү нар тухайн шагнал, урамшууллыг гардуулж өгсөн байна.
Ингэхдээ Паралимпын наадмын алтан медальт У.Сүрэнжавд 120 сая, олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү болон паралимпын мөнгөн медальт Ц.Баттулга, Э.Содномпилжээ, Г.Болор-Эрдэнэ нарт 60 сая төгрөг тэдний дасгалжуулагч Н.Эрдэнэбаатарт 60 сая, Д.Батнасан, Д.Баттулга, М.Бундмаа, Д.Махашири нарт 30 сая төгрөгийн батламж гардуулсан байна.
Мөн “Парис-2024” олимп, паралимпын наадмаас медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагч нийт 10 хүнд Засгийн газраас 540 сая төгрөгийн мөнгөн шагналын батламж, олимпын наадамд эрх авч оролцсон 32 тамирчин, паралимпын наадамд эрх авч оролцсон 11 тамирчин, олимпын наадмыг дэнсэлсэн Л.Одгэрэл, М.Бөхбат, Т.Энхцэцэг, Б.Атарбаяр, Ц.Цогтгэрэл нар тус бүрт нь 10 сая төгрөг олгосон байна.
-ТАМИРЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНД Б.БАТТӨГС, БАГИЙН АХЛАГЧ Н.ОЮУНБАТ НАРЫГ ОРОЛЦУУЛСАНГҮЙ-
Харин паралмипын наадмын эрх авсан ч допингийн асуудлаар тэмцээндээ оролцож чадаагүй Б.Баттөгсөд уг 10 сая төгрөгийн урамшууллыг олгоогүй байна. Тэрбээр паралимпын наадамд оролцож чадаагүй ч, тус наадамд оролцох эрхээ аваад байсан билээ. Түүнчлэн тамирчид, дасгалжуулагч нарт хүндэтгэл үзүүлэх дээрх арга хэмжээнд Б.Баттөгс болон Паралимпын наадмын багийг ахалж явсан Н.Оюунбат нарыг оролцуулаагүй гэдгийг эх сурвалж мэдээлж буй юм.
Өдгөө допингийн шинжилгээнд бүдэрсэн Б.Баттөгсийг Франц руу авч явж, тэмцээнд нь оролцуулахыг завдаж, Монголын баг тамирчдыг эрсдэлд оруулсан холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцохоор холбогдох шалгалтууд хийгдэж байгаа аж.