Н.Ганхуяг: “Говийн зэрэглээ” кинотой холбоотой ам дамжсан яриа амьдрал дээр болсон эсэхийг номондоо оруулсан

Н.Ганхуяг: “Говийн зэрэглээ” кинотой холбоотой ам дамжсан яриа амьдрал дээр болсон эсэхийг номондоо оруулсан

Монголын ард түмний хайртай “Говийн зэрэглээ” кино бүтээгдсэний 40 жилийн ой энэ онд тохиож байна. Ойд зориулан тус киноны туслах найруулагчаар ажилласан театр, киноны зохиолч, найруулагч, УГЗ, урлаг судлалын ухааны доктор, профессор, СУИС-ийн тэнхимийн эрхлэгч Н.Ганхуяг “Говийн зэрэглээн дунд чөтгөрийн тэмдэглэл” хэмээх номоо гаргаад удаагүй байна.

Түүнтэй уулзаж “төрүүлсэн” шинэхэн номынх нь талаар хөөрөлдлөө. Ном бүхэлдээ тэр дундаа нэрнээсээ эхлээд олны анхаарлыг татаад буй. Учир нь “Говийн зэрэглээ” киног бүтээж дэлгэцэд гаргаснаас хойш уран бүтээлчидтэй нь холбоотой үлгэр, домог мэт яриа өдгөөг хүртэл хүмүүсийн дунд яригдсаар ирсэн.

Олон нийт “Говийн зэрэглээ” киноны уран бүтээлчид говьд зураг авалттай явж байгаад ганц айлд орсон. Айлын эзэгтэй гал дээр цай чанаж, аягалан өгөхөд нь амсахад цэв хүйтэн байсан. Тус айлаас гарч машинтайгаа хэсэг газрыг туулсны дараа эргээд харахад гэр алга болсон байсан. Уран бүтээлчид хотод ирээд их удалгүй нас барсан” гэх цуу яриаг ам дамжуулан ярьсаар ирсэн.

Үнэхээр дээрх үйл явдал болсон эсэх талаар болон уран бүтээлчидтэй холбоотой нууцлаг учир холбогдол, цуу бүхнийг “Говийн зэрэглээн дунд чөтгөрийн тэмдэглэл” номонд зохиолч тайлсан нь сонирхол татна. Зохиолч кино, жүжигчид, уран бүтээлчидтэй холбоотой бодит үйл явдлыг л тус номондоо бичжээ.

Бид зохиолч Н.Ганхуягтай ярилцаж, тохирсоны үндсэн дээр нөгөөтэйгүүр уран бүтээлчийн нөр их хөдөлмөрийг хүндэтгэн номонд гардаг цуу яриатай холбоотой хэсгийг ярилцлагадаа дэлгэрэнгүй багтаагаагүй болно. Зохиолчийн хувьд чөтгөрийн тухай манай ярилцлагаар ярих бус гагцхүү уншигчдыг өөрийнх нь номноос олж мэдэхийг хүсч байгаа юм.

Ингээд найруулагч, зохиолч Н.Ганхуягийн яриаг хүргэж байна.

-АМ ДАМЖСАН ЯРИАНЫ АЛЬ НЬ НИЙЛЖ, ЗӨРӨХИЙГ
НОМОНДОО БИЧСЭН
-

-Та сайхан хаваржиж байна уу. Таны бичсэн “Говийн зэрэглээн дунд чөтгөрийн тэмдэглэл” ном борлуултанд гараад удаагүй байна. Өдгөөгөөс 40 жилийн өмнө олны хүртээл болж байсан энэ киноны тухай номыг яагаад бичихээр болов?

-Өнөө жил “Говийн зэрэглээ” кино бүтээгдсэний 40 жилийн ой болж байна. Тухайн үед би Багшийн дээдийн кино драмын ангид суралцаж байгаад нэг жилийн чөлөө авсан байсан юм. Тэгээд чөлөөтэй хугацаандаа Хүүхэд, залуучуудын театрт тайз засалчаар ажиллаж байсан. “Говийн зэрэглээ” киног хийх тухай мэдээлэл манай теарт ирсэн. Б.Балжинням /киноны зохиолч, зураглаач/, Р.Доржпалам  /киноны найруулагч/ нар театр дээр ирж жүжигчидтэй уулзаж байсан. Миний хувьд пробонд ормоор санагдаад л байлаа. Манай ангийн найз Г.Эрдэнэтогтох пробонд орж тэнцээд кинонд сургуулийн захирлын дүрд тоглосон. Урьд жил нь “Газрын үнэр” кинонд бид хоёр хамт явсан байсан. Нэг өдөр Т.Намсрайжав найруулагчид “Намайг кинондоо аваад яваач” гэж хэлсэн. Т.Намсрайжав гуай манай Бооёогийн аав шүү дээ. Р.Доржпалам найруулагч ч зөвшөөрсөн. Ингээд л кинонд туслах найруулагчаар ажиллах сайхан завшаан олдсон доо. “Говийн зэрэглээ” кино Монголын ард түмний маш хайртай уран бүтээл. Уг кинонд тоглосон жүжигчид анх удаа дэлгэцнээ гарсан нь тэр байсан юм. Тухайн үед бүгд залуу уран бүтээлч байсан. Анхны кино нь л байсан.Гэтэл кино маш амжилттай болж бүх жүжигчид энэ киноны нэрээрээ ард түмний сэтгэлд хоногшин үлдсэн. Нэлээд нь орчлонгийн мөнх бусыг үзүүлсэн байна. Урлаг сайхан юм. Бие нь байхгүй ч бүтээл нь өнөөдөр ч гарсаар байна. Жүжигчин мэргэжлийн агуу нь энд оршиж байгаа юм.

-Номонд чухам юуг, ямар үйл явдлыг дүрслэн бичив та?

-Киног аль ч хэсгээс нь эхэлж зургийг нь авч болдог, төгсгөлөөс нь ч авч эхэлж болно. “Говийн зэрэглээ” киноны нэг онцлог нь захирлын гэр барихаас л зургийг нь авч эхэлсэн. Ер нь эрэмбээрээ л явсан. Сургуулийн захирлын өрөөг Хулд дээр засч, янзалж байгаад зургийг нь авсан. Клубт бүжиг болдог хэсгийг Улаанбаатарт заал засч байгаад авсан. Олон хүн бүжиглүүлэх шаардлагатай учраас кино үйлдвэрийн заалыг ашигласан. Массын хэсэгт кино драмын ангийнхан, лабораторийн цех, тайзны ажилтнуудыг оруулж байж зураг авсан. Сургуулийн коридорыг мөн кино үйлдвэрт заал засч байж авсан. Монгол хэлний багш хаалга татаж зогсож байгаад захиралд хувцсаа сольж ир гэж загнуулдаг хэсгийг Кино үйлдвэрт авсан. Тэр багшид улсын заан Ганболд тоглосон шүү дээ. Гэхдээ гаднах үйл явдлыг Хулдад авсан. Арслан сургуулийн захирлыг шонд хүлдэг, Номинтой хамт нэг бүсгүй хамт явдаг зэрэг хэсгийг Хулдад авсан юм. Хоёр объектыг л Улаанбаатарт авсан. Энэ бүхнээ номондоо оруулсан. Кино, киноны жүжигчдийг тэртээ тэргүй ард түмэн мэднэ.

Харин би кино тойрсон адал явдал, жүжигчин, уран бүтээлчдийнхээ амьд дүрийг дурсамжаараа дамжуулж гаргасан. Тэдний амьдралын дүрийг л номондоо шингээхийг зорьсон.

Хальсны кино их зовлонтой шүү дээ. Ойролцоогоор хоёр хэсэг бүлгийг аваад Улаанбаатар руу хальсаа аваачиж угаалгаад хариу гарсны дараа дараагийн ажил руу гаа ордог. Тэр хооронд хүлээлттэй байдаг. Байгаль цаг уурын саатал, павильон, тайз заалаа барьж амжаагүй байж болно. Тэр хооронд биднийг тойрсон адал явдал, эсэн бусын юм болно шүү дээ. Түүнийгээ л бичсэн.

-Номны нэрээс харвал ард түмний дунд үлгэр, домог мэт яригддаг чөтгөрийн тухай үйл явдлыг, киноны уран бүтээлчид үнэхээр тийм зүйлтэй учирсан гэдэг үнэн, худал эсэх ярианы тайллыг бичсэн байх?

-Уран бүтээлчдийн ихэнх нь хорвоогийн жамаар бурхны оронд одсон. Ард түмний дунд үлгэр домог мэт яригддаг. Чөтгөрийн хорлол болоод өнгөрсөн юм гэнэ лээ гэх яриа байнга л яригддаг. Тэр нь ч дүүрч. Ер нь 40 жил өнгөрсөн байна. Киноны уран бүтээлчдээ дурсаад дурсамжийн ном гаргахаар зорьсон нь энэ юм. Чөтгөртэй уулзаад уран бүтээлчдийг чөтгөрийн оронд аваад явсан талаар ярьдаг. Энэ яриа амьдрал дээр болсон эсэх. Аль нь нийлж, зөрсөн эсэхийг дурсамжаараа дамжуулж уншигчдадаа хүргэхийг мөн зорьсон.

-ТУХАЙН ҮЕД БИЧСЭН МИНИЙ ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ
ТЭР ЧИГТЭЭ НОМОНД ОРСОН-

-Сонирхолтой нь та кино зураг авалтын үеэр өдөр бүр өдрийн тэмдэглэл хөтөлдөг байсан гэсэн. Таны өдрийн тэмдэглэлд маш их сонин, сонирхолтой зүйл бий байх. Түүний хэдэн хувийг номондоо оруулсан бэ?

-Бараг л бүхлээрээ орсон. Орохооргүй юмнууд мөн бий шүү дээ. Тухайлбал, “Өнөөдрийн зурагт тийм цамц хэрэгтэй. Хэдэн литр бензин хэрэгтэй” гээд тэмдэглэсэн өчнөөн юм бичсэн байгаа юм. Ургуулж, уран сайхны хэллэг оруулж бичсэн зүйлүүд их бий. Гэхдээ номонд дүрүүдээ голчлон бичсэн дээ. Оюунцэцэг гэж маш сайхан жүжигчин. Дэндүү богинохон насалсан. Цөөн хэдэн кинонд тоглосон мөртлөө маш эрс тэс ялгаатай дүр бүтээсэн. Амьдрал дээр намуухан, дөлгөөн хүн. Ямарсайндаа бид амь нь хаанаа байгаа юм гэж ярьдаг байсан. Тэгсэн мөртлөө киноны дэлгэцэнд, театрын тайзнаа “амь орж” тайз, дэлгэц эзэгнээд явчихдаг хүн байсан. Сэтгэлийн асар их догдлолтой тоглодог мундаг жүжигчин байсан. Энэ мэт тэднийгээ дурсаж ярьвал их бий.

Геологийн хард тоглодог Чойн Хүрэл Хүүхэд залуучуудын театрын жүжигчин байсан. Мөн одоо алга. Тухайн үеийн киноны од, охид бүсгүйчүүдийн хайрыг булааж, хошууруулж байсан жүжигчин шүү дээ. Сайн жүжигчин гэдэг бол киноны өчүүхэн хэсэгт хальт ороод гарсан ч ард түмэнд үлддэг юм.

-Кино зураг авалт Дундговийн Хулд суманд болсон шүү дээ. Та бүхэн хэдий хугацаанд зургаа авч дуусгаж байв?

-Хулд суманд зусч, намаржиж байж зургаа авсан. Киноны ажил маань үргэлж бодогддог юм. Зэрэглээн дунд харагдах Хулдын хэдэн цагаан байшин. Холбооны байшин, Арслангийн мотороо асаадаг байшин бүгд л сэтгэлд ойр байдагдаа.

-Холбооны байшин одоо нэлээн хуучирсан урд нь тарьсан жижиг мод өндөр ургасан, дэлгүүрийн зориулалтаар ажилладаг гэсэн. Кино зураг авалтаас хойш та Хулд суманд очив уу?

-Манай дүү өнгөрсөн өвөл Өмнөговь орсон. Буцах замдаа Хулд сумаар дайрч орсон тухайгаа надад хэлсэн. Хуучин бол төв зам Хулд сумаас алсуур байлаа. Харин одоо төв зам яг дайрдаг болж. Манай дүү “Хулдын төвд холбооны байшин байдаг юм байна. Айл амьдардаг бололтой, цоожтой байна” гэж ярьж байсан. Сайхан л санагдсан.

-ГОВИЙН ЗЭРЭГЛЭЭ ГЭДЭГ НЭР ЭХЭНДЭЭ НАДАД ТААЛАГДААГҮЙ-

-“Говийн зэрэглээ” кино зохиолын нэр анх “Холын зэрэглээн дунд” гэсэн нэртэй байсан гэдэг. Та бүхэн нэрээ яагаад сольсон юм?

-Б.Балжинням найруулагч бол зохиолч хүн юм. “Холын зэрэглээн дунд” гэж кино зохиол бичсэн. Биднийг “Говийн зэрэглээ” киног бүтээх үед үзэл, суртал ид байсан. Соёлын яамны жүжиг, киноны зохиол хариуцсан мэргэжилтнүүд  “Хөгжил дэргэд ирчихээд байхад холын гэдэг үг авцалдахгүй байна” гэж шүүмжлээд л өөрчилсөн. Шат, шатны шүүлтүүрээр ороод л шүүмжлүүлдэг байсан. Ямарсайндаа л Кино үйлдвэрийн уран бүтээлчид дунд киноны нэрний сонгон шалгаруулалт зарлаж байхав дээ. 20-30 нэр цугласан ч олигтой нэр гарч ирээгүй. Тэгэж явсаар ерөөсөө л “Говийн зэрэглээ” гэдэг нэр дээр тунаж үлдэж байв. Тухайн үед “Говийн зэрэглээ” гэдэг нэр надад онц, гойд санагдаагүй. Хожим бодох нь ээ харин ч онож дээ гэж боддог.

-Та мөн киноны дууны үгийг бичсэн. Энэ талаараа номондоо дурссан байх?

-Номондоо энэ талаар бичсэн. Нэг өдөр дотруур байрныхаа сүүдэрт суучихсан тэмээний борцтой лавшаа идээд сууж байхад Б.Балжинням найруулагч ирэнгүүтээ “Арслангийн дуулдаг дууг чи бич” гэж хэлдэг юм байна. Тэгээхэр нь би “Би яаж бичдэг. Чадахгүй” гэж хэлж байсан. Тэгсэн хажуугаас Цэвээнравдан бич, бич гээд л саяхан мэт санагдаж байна. Шөнө хэт халуун болохоор Цэвээнравдан бид хоёр гадаа унтдаг байсан юм. Нэг орой Говийн цагаан тэнгэр хараад л хэвтэж байхад

Элгэн халуун говьдоо

Эхийн хайраар холбоотой гэдэг мөр анх бодолд орж ирж байсан юм. Тэгээд л тэр дор нь үгээ бичсэн. Дараа нь Доржпалам багш, Балжинням найруулагчид дууны үгээ уншуулахад “Болж байна” гэж хэлээд л урам өгсөн. Кинонд тоглодог АН-2 онгоцоороо дууныхаа шүлгийг батлуулах гэж Улаанбаатар руу нисч байсан түүх бий. Б.Явуухулан гуай дээр орж шүлгээ батлуулж авсан. Тэгээд дуулах болтол олон дуучин дамжсаан. Сүүлдээ Г.Хайдав багш Соёлын яамны уран сайхны зөвлөлийн гишүүн байсан юм. Тэгээд “Би говийн хүн. Би дуулъя” гэхэд нь “Та дуулж болохгүй. Арслангийн сэтгэлээс гарах дуу яаж таны дуу хоолойтой байж болох юм. Таны хоолойтой нийцэхгүй” гэж хэлсэн. Бүр сүүлдээ Г.Хайдав багш дуулсандаа. Хожим олон дуучин дуулсан юмдаг. 

-Таньд баярлалаа.

Дахин хэлэхэд уншигч та өөрийн сонирхож буй хэсгийг түүний “Говийн зэрэглээн дундах чөтгөрийн тэмдэглэл” номноос уншаарай.