Б.Мөнхбат: Цэцгийн дэлгүүртэй болсноос хойш эмэгтэй хүнд цэцэг өгөх тухай бодол минь өөрчлөгдсөн

Б.Мөнхбат: Цэцгийн дэлгүүртэй болсноос хойш эмэгтэй хүнд цэцэг өгөх тухай бодол минь өөрчлөгдсөн

Цэцгийн дэлгүүр гэхээр л эмэгтэйчүүд ажилладаг, эмэгтэй хүний зөөлөн ертөнц мэт төсөөлөгддөг. Харин энэ ойлголтыг эвдэж, 25 насандаа "Эрдэнэс" Аз жаргалын цэцэг дэлгүүрээ нээн ажиллуулж яваа нэгэн залууг бид энэ удаагийн Social ID буландаа онцолж байна. 

“Миний зөөлөн зан чанар цэцэг арчлахад тохирох юм байна” хэмээн инээмсэглэн ярих тэр залуугийн хувьд цэцэг гэдэг анх тийм ч чухал зүйл байгаагүй. Харин дэлгүүртээ ажиллаж эхэлснээр хүмүүсийн цэцэг сонгож буй байдал, хайртай хүндээ ямар цэцэг өгөхөө нухацтай бодож буйг харах тусам цэцгийн цаана ямар их сэтгэл, утга учир байдгийг ойлгожээ. Ингээд түүнтэй эрэгтэй хүн цэцэг боох ямар байдаг, цэцгийн ертөнц түүнд юу өгсөн, хайртай эмэгтэйдээ ямар цэцэг сонгох тухай ярилцлаа.

ВИДЕО: 

- Цэцэг гэдэг зүйл эмэгтэй хүнтэй л холбоотой юм шиг хүмүүсийн сэтгэлгээ байдаг л даа. Эмэгтэй хүн л цэцэг авна, эмэгтэй хүн л цэцэг бооно гэдэг ч юмуу. Үүнийг эвдэж, ийм ажил хийж байгаа нь тань сонирхолтой байна.

- Эрэгтэй хүн цэцэг боохоор гоё харагддаг гэж хүмүүс ярьдаг юм билээ. Бараг үнэн байх. Миний боосон цэцгийг хараад хүмүүс эрэгтэй хүний мэдрэмж өөр байдаг гэж ярьдаг. Заримдаа бас ажлынхаа эмэгтэй цэцэгчидтэй санал зөрөлдөх үе ч гардаг.  Жишээ нь, ажлынхаа цэцэгчин охинтой хамт цэцэг боож байхдаа би улаан сарнайг нь захад нь боох, эсвэл голд нь бооно гэдэг ч юмуу. 

- Та ямар мэргэжилтэй вэ. Хэзээнээс цэцэг боож эхэлсэн бэ.  Өөрийгөө нэг танилцуулвал...

- Би уг нь тогооч мэргэжилтэй хүн л дээ. Мэргэжлээрээ хэсэг ажиллаж байгаад дараа нь маркетингаар мэргэшиж ажилласан юм. Тэгээд ах эгч хоёртойгоо хамтдаа цэцгийн дэлгүүрээ нээж ажиллуулаад одоо дөрвөн сар гаруй хугацаа өнгөрч байна. 

"Эрдэнэс" Аз жаргалын цэцэг дэлгүүрийн цэцэгчин Б.Мөнхбат

- Анх цэцэг боож, цэцэгнүүдээ арчлаад явахад ямар сэтгэгдэл төрж байв? 

- Анх бол мэдрэмж төрөх гэхээсээ илүү  цэцэгчин охины маань хичээл эхэлчихсэн тул зайлшгүй шаардлагаар л цэцэг боож сурсан юм. Тийм үед чинь өөрөө мэдрэмж авна гэхээсээ илүү яавал гоё болж болох вэ гэдэгт л төвлөрдөг юм билээ. Би өөрөө маркетингийн чиглэлээр ажилладаг байсан хүний хувьд цэцэг боож сурах хэрээрээ дэлгүүрийнхээ логог дээр нь наах ч юмуу брендээ бүтээхийг бас зорьж байгаа. Мөн үйлчлүүлэгчиддээ зориулан гурван удаа цэцэг худалдаж авбал урамшуулал үзүүлэх зарлах зэргээр Цэцгээ арчилж, дороос нь хайчилж услаж байхдаа миний зөөлөн зан чанар цэцэг арчлахад тохирох юм байна гэж анзаарсан. Шинээр өөрийгөө нээж байгаа юм шиг л санагдсан.

- Та өөрийнхөө хайртай эмэгтэйд ямар цэцэг бэлэглэх вэ? 

- Энэ асуултанд хариулахын тулд яагаад цэцгэнд дуртай болсноо ярих хэрэгтэй байх. Би цэцгэнд тийм ч их ач холбогдол өгдөггүй байсан юм. Бараг эмэгтэй хүнд цэцэг өгөхийн оронд эрүүл мэндийг нь бодоод шинэ ногооны салат өгчихвөл яасан юм бэ гэж боддог байсан байхгүй юу. Харин цэцгийн дэлгүүрт ажиллаж эхэлснээс хойш залуучууд найз охиндоо ч юмуу ээждээ, эмэгтэй хүнд цэцэг авахдаа өөрсдөө цэцэгний хөргөгч рүү харж харж байгаад сонгож авчирдаг байхгүй юу. Үүнийг хараад л би хүмүүс цэцгэнд ямар гоё утга учиртай ханддаг, ямар их сэтгэл зүрхээ шингээж худалдаж авдгийг нь анзаараад хүнд цэцэг бэлэглэх маш дуртай болсон. Хүнд цэцэг бэлэглэхдээ бэлгэдлийг нь харж байгаад бэлэглэх хэрэгтэй юм байна гэж боддог болсон. Жишээ нь, галзуу энергитэй, экстроверт охидуудад бол улаан сарнай 99 ширхэгийг өгчихдөг ч юмуу тэ. Эсвэл ихэмсэг охин байвал ягаан ромашка өгчихвөл гоё. Ягаан ромашка бол нэг ёсны хүндэтгэж өгдөг цэцэг, бас хайртай хүндээ өгдөг юм. Би ээждээ цэцэг өгч байгаа. Манай дэлгүүр ваартай цэцэг бас зардаг юм. Би ээждээ зориулаад хайж хайж байгаад, хамгийн гоё ваартай цагаан, ягаан лили өгч байсан. Ваартай цэцгээ бариад л ээждээ өгсөн чинь ээж маань маш их баярлаж байгаа нь нүднээс нь л шууд илт мэдэгддэг юм билээ. Харц нь зөөлрөөд л надад “Ямар гоё юм бэ миний хүү. Маш их баярлалаа” гэж хэлж байсан. Манай ээж уг нь их ааштай хүн л дээ./инээв/ Эмэгтэй хүн бол яалтачгүй цэцэг аваад зөөлөрдөг л юм билээ. Гэхдээ ааштай гэдэг нь ээжийгээ муулж байгаа юм бишээ. Миний ээж бол хамгийн супер ээж.

"Эрдэнэс" Аз жаргалын цэцэг дэлгүүрийн цэцэгчин Б.Мөнхбат

- Цэцгийн дэлгүүрээ ажиллуулж байх хугацаанд танайхаар үйлчлүүлсэн хамгийн сонирхолтой үйлчлүүлэгчээ дурсаж яривал...

- Нэг залуу манайд орж ирээд , би танайхаас сар бүр цэцэг авъя. Крашдаа сар бүр цэцэг өгч найрах гэсэн юм гэсэн. Тэгээд л би цэцгээ авахаар орж ирэхэд нь ягаан голланд ромашка, ягаан баширтай баглаа байвал ямар вэ гэдэг ч юмуу, зөвлөгөө өгч санал болгоод л байсан, тэр залуу маань ч нөгөө охиндоо өгөөд л байдаг юм шиг байна лээ. Сар болгон авна аа л гээд байгаа, тэгээд л аваад л байдаг. Манайх ч бас аль болох хайр дурлалыг нь бүтээчих гээд хичээж л байна. Нөгөө залуу маань надаас заримдаа цэцгээ яаж өгвөл зүгээр вэ зөвлөөд өгөөч гэж бас асууна аа. Тиймэрхүү “том” асуудалд нь ч би бас эрэгтэй хүний хувьд зөвлөхийг л хичээдэг дээ.

- Монголчууд маань нийтээрээ ер нь ямар цэцгэнд дуртай юм шиг байна. Та анзаарч амжсан уу? 

- Монголчууд тод өнгийн цэцгэнд дуртай юм шиг байна лээ. A сорт, B сорт зэрэгт ач холбогдол өгөхгүй. Харин тод өнгийн цэцгийг авдаг хүмүүс байдаг юм билээ.

- Ярилцсанд баярлалаа. 




Өнөөдөр могой өдөр

5 цагийн өмнө