28 жилийн турш явганаар дэлхийг тойрсон эр гэртээ иржээ

28 жилийн турш явганаар дэлхийг тойрсон эр гэртээ иржээ

Их Британийн иргэн Карл Бушби 28 жилийн турш явганаар дэлхийг тойрон аялж, энэ сарын 2-нд эх орондоо иржээ.

Тэрбээр 1998 онд Чилийн өмнөд хэсгээс аяллаа эхлүүлж, нийт 30 орчим улсаар дамжин 50 мянган км зам туулсан байна. Анх аяллаа 10-12 жилд дуусгахаар төлөвлөж байсан ч санхүүжилт, хил нэвтрэх зөвшөөрөл болон цар тахлын улмаас хугацаа нь сунжирчээ. Өдгөө 57 настай тэрбээр аяллынхаа туршид замаа тээврийн хэрэгслээр товчлохгүй, явганаар туулах зорилго тавьсан байна.

Түүнийг эх орондоо ирэхэд нь олон зуун хүн угтаж, улмаар 10 жил уулзаагүй ээж Анжелатайгаа гэрийнхээ үүдэнд сэтгэл хөдөлгөмөөр уулзсан байна. Мөн олон жилийн турш цөөн удаа уулзсан хүү Адам болон анх удаа уулзах 12 настай ач охинтойгоо уулзахаар төлөвлөжээ.