УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга Г.Хосбаяр “Зуны цагийн тооллыг жил бүр хэрэглэх тухай” УИХ-ын тогтоолын төсөл боловсруулжээ.
Тогтоолын төсөлд Монгол Улсад 2027 оноос эхлэн зуны цагийн тооллыг жил бүр хэрэглэхээр тусгасан байна. Тодруулбал, жил бүрийн гуравдугаар сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 02:00 цагт цагийг нэг цагаар урагшлуулж, есдүгээр сарын сүүлчийн долоо хоногт нэг цагаар буцаан стандарт цагийн тоололд шилжүүлэхээр төлөвлөжээ. Харин байгууллагуудын ажил, үйлчилгээ эхлэх цагийн хуваарь хэвээр мөрдөгдөх аж.
Тогтоолын төсөл батлагдвал Засгийн газар цагийн өөрчлөлттэй холбоотой дараах арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ. Үүнд:
-
Олон улсын болон дотоодын нислэг, төмөр зам, авто тээврийн цагийн хуваарийг уялдуулах;
-
Эрчим хүч, харилцаа холбоо, банк, санхүү болон төрийн мэдээллийн системийн бэлэн байдлыг хангах;
-
Ээлжийн болон тасралтгүй ажиллагаатай байгууллагуудын ажлын цагийн бүртгэл, цалин хөлсний тооцоог зохицуулах;
-
Цагийн өөрчлөлтөөс хүний эрүүл мэндэд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах;
-
Сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллага болон иргэдэд шаардлагатай мэдээлэл, зөвлөмж хүргэх зэрэг багтаж байна.
Тогтоолын төслийг боловсруулсан гол зорилго нь байгалийн гэрлийг үр ашигтай ашиглах, иргэдийн ажил, амралтын зохистой хуваарийг дэмжихэд чиглэжээ. Тогтоолын төсөлтэй ЭНД дарж танилцана уу.