Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн сурагчид 2026-2027 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлаас эхлэн “Нийгэмшил, сэтгэл хөдлөл” хичээл судалж эхэлнэ.
Тус хичээлээр хүүхдүүд өөрийгөө ойлгох, сэтгэл хөдлөлөө удирдах, бусдыг хүндэтгэх, хамтран ажиллах, зөрчил маргааныг зөв шийдвэрлэх зэрэг амьдралын суурь чадварт суралцах юм.
Хөтөлбөрийг “Би”, “Бусад”, “Бид” гэсэн гурван үндсэн агуулгын хүрээнд хэрэгжүүлж, нийт зургаан хүрээ, 24 чадамж эзэмшүүлэхээр төлөвлөжээ.
Мөн хичээлийг заах багш нарыг тусгай арга зүйгээр бэлтгэж, сурагч бүрд “Миний сайхан сэтгэлийн дэвтэр” олгох аж. Хүүхдийн хөгжлийг зөвхөн мэдлэгээр бус, эзэмшсэн чадвар, ахиц дэвшлээр нь үнэлэхээр төлөвлөсөн байна.