Эстони улс ОХУ-тай хиллэдэг авто замын бүх боомтоо 2026 оны арванхоёрдугаар сарын 1-нээс хаахаар болсноо зарлалаа. Энэ нь тус улсын батлан хамгаалахын салбарын компанид халдлага үйлдэхийг завдсан хэрэгтэй холбоотой аж.
Тодруулбал, арваннэгдүгээр сарын 14-ний өглөө Эстонийн нийслэл Таллин хотын ойролцоох Виймси дүүрэгт байрлах нисгэгчгүй нисэх төхөөрөмж үйлдвэрлэгч “Threod Systems” компанийн байранд нэвтэрч, гал тавих, дэлбэрэлт үүсгэхийг завджээ. Үүнтэй холбоотойгоор найман хүнийг саатуулсан бөгөөд бүгд Латви улсад оршин суудаг иргэд байв. Тэдгээрээс таван хүнийг цагдан хорих хүсэлтийг прокурор шүүхэд гаргасан байна.
Эстонийн Дотоод аюулгүй байдлын алба уг халдлагыг ОХУ-ын Цэргийн тагнуулын ерөнхий газар буюу ГРУ захиалсан гэж үзэж байгаа аж. Хууль сахиулах байгууллагын шуурхай ажиллагааны үр дүнд халдлагаас урьдчилан сэргийлж, компанид их хэмжээний хохирол учраагүй бөгөөд хүний амь нас эрсдээгүй байна.
Эстонийн Гадаад хэргийн сайд Маргус Цахкна “ОХУ Эстонийн эсрэг чиглэсэн дайсагнасан үйл ажиллагаа үр дагавартай гэдгийг ойлгох ёстой” хэмээн мэдэгдэв. Түүний тайлбарласнаар хил хаах шийдвэр нь ОХУ-ын тагнуулын үйл ажиллагааг хязгаарлахын зэрэгцээ хориг арга хэмжээнээс зайлсхийх эрсдэлийг бууруулах зорилготой юм. Одоогоор Эстони, ОХУ-ын хооронд Нарва, Лухамаа, Койдула гэсэн гурван авто замын хилийн боомт ажиллаж байгаа бөгөөд явган зорчигч болон ачаа тээврийн хөдөлгөөнийг нэвтрүүлдэг. Харин арванхоёрдугаар сарын 1-нээс эдгээр боомтыг хаахаар болжээ. Хил хаах хугацаа болон дахин нээх товыг одоогоор тодорхой зарлаагүй байна. Харин ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова Эстонийн уг шийдвэрийг оросуудыг үзэн ядах хандлагын илрэл хэмээн шүүмжилсэн байна.
Эх сурвалж: Reuters