Тайландын Паттаяа хотод энэ сарын 13-14-ний өдрүүдэд Гардан тулааны Азийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Нийт 23 улсын 240 тамирчин 58 ангилалд хурд, хүч, чадвараа сорьсноос Монгол Улсын баг, тамирчид 12 алт, найман мөнгөн медаль авч, багийн дүнгээрээ гуравдугаар байр эзэлж, цомын эзэн боллоо.
Монголын Гардан тулааны холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, “ЭЗО” дэвжээний үүсгэн байгуулагч, багш, дасгалжуулагч, Олон улсын хэмжээний мастер, Хар бүс таван дант С.Энхсайхан өөрийгөө хамгаалах төрлийн мастеруудын ангилалд алтан медаль, Д.Учрал 10-11 насны ангилалд өөрийгөө хамгаалах төрөлд мөнгөн медаль, Д.Гэгээ 10-11 насны төрөлд өөрийгөө хамгаалах болон тулааны төрөлд тус тус алтан медаль, 14-15 нас ангилалд М.Баянмөнх өөрийгөө хамгаалах төрөлд алтан медаль хүртжээ.
Харин “Хаянгарваа” дэвжээний тамирчин, багш дасгалжуулагч, гардан тулааны Дэлхийн аварга, Хар бүс хоёр дант А.Бүжинлхам өөрийгөө хамгаалах болон тулааны төрөлд тус бүр алтан медаль, CHECK MEDIA агентлагийг /CHECK.MN/ үүсгэн байгуулагч, сэтгүүлч Т.Цолмонсайхан тулааны төрөлд алтан медаль, өөрийгөө хамгаалах төрөлд мөнгөн медаль, 15-17 насны төрөлд А.Жамбал тулааны болон өөрийгөө хамгаалах төрөлд тус тус мөнгөн медаль, 14-15 насны ангилалд Г.Номин өөрийгөө хамгаалах болон тулааны төрөлд алтан медалийн эзэн боллоо.
Цагдаагийн Ерөнхий газар, “Сүбээдэй” дэвжээний тамирчид Гардан тулааны Азийн аварга шалгаруулах тэмцээнд дараах амжилтуудыг гаргалаа. Үүнд, цагдаагийн дэслэгч О.Балжинням өөрийгөө хамгаалах төрөлд мөнгөн медаль, цагдаагийн дэслэгч О.Арман тулааны төрөлд мөнгөн медаль, өөрийгөө хамгаалах төрөлд алтан медаль, цагдаагийн дэслэгч Ө.Өлзийбат өөрийгөө хамгаалах төрөлд алтан медаль, цагдаагийн дэслэгч Э.Наранжав өөрийгөө хамгаалах төрөлд мөнгөн медаль, Хилийн цэргийн 0303 дугаар анги, “Алтан шонхор” клуб, “Бату файтэрс” клубын тамирчин, ахлах ахлагч Э.Мөнгөншагай тулааны төрөлд мөнгө, өөрийгөө хамгаалах төрөлд алтан медаль тус тус хүртсэн байна.