Монгол ноолуурын өвөрмөц чанар, үндэсний үйлдвэрлэлийн үнэ цэн, нүүдэлчин соёлын өвийг Бүгд Найрамдах Турк Улсад сурталчлан таниулах зорилготой “Монгол ноолуурын өдөр” Истанбул хотноо энэ сарын 14-15-нд боллоо.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нээлтийн үгэндээ, Монгол ноолуурын онцлог, малчин өрхүүдийн хөдөлмөр, үндэсний үйлдвэрлэгчдийн ур чадвар, тогтвортой үйлдвэрлэлийн ач холбогдлыг онцлоод, Монгол, Туркийн худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд уг үйл ажиллагаа чухал ач холбогдолтойг тэмдэглэв.
Энэ үеэр уламжлалт урлагийн тоглолт, ноолууран бүтээгдэхүүний загварын үзүүлбэр, “BODIOS” компани танилцуулгаа хийв. Мөн БНТУ-ын Гадаад эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын нэхмэл, даавууны салбар холбоо, “Silk and Cashmere” ХХК болон “ANT Textile”ХХК зэрэг томоохон компанийн төлөөлөгчид Монгол, Туркийн бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааны боломжийн талаар хэлэлцэж, тодорхой түвшинд тохиролцоонд хүрэв.
Тухайлбал, “Silk and Cashmere” компани БНХАУ-ын ӨМӨЗО-оос жилд дунджаар 10 сая ам.долларын үнийн дүн бүхий түүхий эд болон эцсийн бүтээгдэхүүн худалдан авдаг бөгөөд уг худалдан авалтынхаа тодорхой хэсгийг Монгол Улсаас хангах боломжийг судалж, цаашид бодит хамтын ажиллагаа болгон хөгжүүлэх сонирхлоо илэрхийлэв.
Нээлтэд Истанбул хотын захирагчийн орлогч Авни Кула болон бусад дипломат төлөөлөгчид тэргүүтэй БНТУ-ын нэхмэл, ноолуур, загварын салбарын 21 байгууллагын 100 гаруй төлөөлөгч оролцлоо. Өдөрлөгийг Монгол Улсаас БНТУ-д суугаа Элчин сайдын яам, Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газар хамтран зохион байгуулав гэж ГХЯ-наас мэдээллээ.