Согтуурсан үедээ бусдын 58 бод, 15 бог малыг хулгайлж, бэлчээрт нь нядалсан этгээдүүд зарим малыг "буудаж алсан" гэдгээ мэдүүлжээ

Согтуурсан үедээ бусдын 58 бод, 15 бог малыг хулгайлж, бэлчээрт нь нядалсан этгээдүүд зарим малыг "буудаж алсан" гэдгээ мэдүүлжээ

Цагдаагийн байгууллагаас жил бүр зохион байгуулдаг "Мал мах" нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байгаа. 

Тус арга хэмжээний хүрээнд Дорнод аймгийн цагдаагийн газар 58 бод, 15 бог мал хулгайлах, бэлчээрт нядалсан хэргийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлжээ. Тодруулбал, тус цагдаагийн газар гурван ажлын хэсэг гарган Дорнод аймгийнхаа сумдын нутаг дэвсгэрт ажиллаж, Баян уул, Цагаан овоо, Булган, Матад, Гурван загал сумдад үйлдэгдсэн 12 иргэнд холбогдох, 17 удаагийн үйлдэлтэй, 58 бод, 15 бог мал хулгайлах, бэлчээрт нядалсан хэргийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Тухайн хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн гэмт хэргийг үйлдсэн бөгөөд зарим малыг буудаж алсан гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны үеэр мэдүүлжээ. 

Иймд малчин иргэд та бүхэн идэшний улирал эхэлж байгаатай холбогдуулан мал, сүргээ хариулгатай байлгаж, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.