Л.Мөнхтүшиг: БНСУ, Япон, Зүүн-Өмнөд Ази руу тусгай нислэг үйлдэхээр төлөвлөж байна

Л.Мөнхтүшиг: БНСУ, Япон, Зүүн-Өмнөд Ази руу тусгай нислэг үйлдэхээр төлөвлөж байна

Улсын онцгой комиссын шуурхай штабаас өнөөдөр /2020.05.26/ ээлжит мэдээллээ хийлээ.

Өнөөдрийн байдлаар гадаадаас ирсэн 1248 иргэн тусгаарлагдаад байгаа бөгөөд эдгээр хүмүүсийн 790 нь нийслэлийн эмнэлэг, зочид буудал болон амралтын газар тусгаарлагдаад байгаа юм. Үлдсэн 485 хүн орон нутагт тусгаарлагдаад байна.

Өнөөдөр Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 170 хүн ирсэн бөгөөд тэдний 93 хувь нь оюутан аж. Түүнчлэн өнөөдөр болон маргааш ОХУ-аас Алтанбулаг боомтоор монгол иргэдээ татан авахаар болсон.

Гадаад хэргийн яамны Консулын газрын захирал Л.МӨНХТҮШИГ:

–Алтанбулаг боомтоор нийт 594 орчим хүмүүс ирнэ гэсэн тооцоолол байна. Эдгээр хүмүүсийг нэвтрүүлсний дараа төмөр замаар нийслэлийн тусгаарлах байранд тусгаарлана. Монгол Улсад нэгдүгээр сараас хойш нийт 62 мянган иргэн ирсэн. Эдгээр иргэдээс 8498 иргэнийг тусгай нислэг болон газраар татан авснаас 3488 иргэнийг агаарын замаар үлдсэнийг нь газраар авчирсан байна. Цаашид БНСУ,  Япон, Зүүн-Өмнөд Ази руу тусгай нислэг үйлдэхээр төлөвлөж байна

Монгол Улс дэлхийн бусад улстай харьцуулахад гадаадад гацсан иргэдээ шат дараатайгаар татаж авч байгаа цөөн газрын нэг. Хүн амынхаа тоотой уялдуулан, байгаа мэдээлэлдээ тулгуурлаж үзэхэд манай улс хүн амынхаа 0.27 хувийг гадаадаас татаж авсан байна. Энэ үзүүлэлтээрээ ХБНГУ-ын ард хоёрдугаарт бичигдэж байна. 900 гаруй иргэн энэ ажилд ажиллаж байна. Цаашдын татан авалтыг төлөвлөхийн тулд тусгаарлах байрны хүрэлцээнээс шалтгаална. Гадаадын 45 улсаас 10800 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан.ОХУ-аас бусад улс оронд байгаа иргэдийг бид орхигдуулаагүй. Шат дараатай иргэдээ татан авна. Энэ цаг үед БНХАУ-д нутаг буцах хүсэлтэй 164 иргэн байна. Тун ойрын хугацаанд Замын Үүд боомтоор татан авах хугацаагаа тохирохоор ажиллаж байна. Бүтээн байгуулалтын шугамаар БНХАУ-аас ирэх ажилтнуудыг нэвтрүүлэх талаар судалж байгаа. Одоогоор БНХАУ-ын тал хилээ хэзээ нээх нь тодорхойгүй байна" гэв.

ШУУД ҮЗЭХ: