“LUX”-ын менежер П.Лхагвасүрэн: Нээлээ, хаалаа, цуцаллаа гэж дарамт үзүүлж байгаад гомдолтой байна

“LUX”-ын менежер П.Лхагвасүрэн: Нээлээ, хаалаа, цуцаллаа гэж дарамт үзүүлж байгаад гомдолтой байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамжийг 2020 оны нэгдүгээр сарын 27-нд гаргасан байдаг.

Тус захирамжид нийслэлийн нутаг дэвсгэрт олон нийтийг хамарсан хурал цуглаан, сургалт, спортын тэмцээн уралдаан, аялал зугаалга, урлаг, соёл, кинотеатр, жолооны курс, цахим болон бага насны хүүхдийн төрөл бүрийн тоглоомын газрын үйл ажиллагааг түр зогсоох, ресторан, баар, кафег 00:00 цаг хүртэл ажиллуулах, сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг албан байгууллага, олон нийтийн үзвэр, үйлчилгээний газраар дагуулж явах, үйлчлүүлэх, үйлчлэхийг хориглосон. Анх гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэлх хугацаанд хэрэгжих байсан энэхүү захирамж нөхцөл байдалтай холбоотойгоор хэд хэдэн удаа өөрчлөгдөн сунгагдсаар байна.

Тухайлбал, архи согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагуудын үйлчилгээний цагийг 22 цаг хүртэл болгосон. Дөрөвдүгээр сарын 16-нд амралтын газар, аялал жуулчлалын бааз, саун, буудал, бялдаржуулах төв /фитнесс/, иогийн клубийн үйл ажиллагааг нээсэн.

Харин өнгөрсөн баасан гараг буюу тавдугаар сарын 1-нд спорт заал, бассейн, бүжгийн клуб, тэнхмийн сургалтаас бусад сургалтын үйл ажиллагааг нээсэн. Мөн архи согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хуваарийг 07:00-00:00 цаг болгож, гурван сар гаруй хаалттай байсан баар буюу шөнийн цэнгээний газар, караоке үүдээ нээж 00:00 цаг хүртэл ажиллах боломжтой болсон юм.

-ХОЁРХОН ХОНОГ ХЭРЭГЖДЭГ ШИЙДВЭР-

Гэвч дээрх шийдвэр хэрэгжиж эхэлсэн өдрийн маргааш буюу тавдугаар сарын 3-нд НЗДТГ, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас үйл ажиллагаа явуулсан ZU, LUX зэрэг шөнийн цэнгээний газруудын тусгай зөвшөөрлийг цуцална гэж мэдэгдэв.

Тэдний хэлсэн үндэслэл нь “цагийн хуваарийг баримталж ажиллаагүй, ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмийг сахиагүй, нийт талбайнхаа 50 хувийг ашиглах ёстой байтал ашиглаагүй олон хүний бөөгнөрөл үүсгэж, зай хоорондын дэглэмийг бариагүй, амны хаалтыг ажилтан болгон зүүгээгүй, үймээн үүсгэсэн” гэв.

Үүгээр зогсохгүй үйл ажиллагааг нь нээх шийдвэр гарснаас гуравхан хоногийн дараа Хотын дарга С.Амарсайхан шийдвэрээ дахин өөрчилж баар, цэнгээний газруудыг тодорхойгүй хугацаагаар хаалаа.

Бид тусгай зөвшөөрлөө алдсан хоёр шөнийн цэнгээний газрын нэг болох “LUX” клубийн ерөнхий менежер П.Лхагвасүрэн холбогдож, одоогийн нөхцөл байдлыг сурвалжиллаа. Биднийг очих үед тус байгууллагын ажилчид үйл ажиллагааг нь дахин зогсоосон шийдвэрийг мэдээ ч үгүй ажилдаа ирцгээсээр байсан юм.

-БИД ЯМАР Ч ЗӨРЧИЛ ГАРГААГҮЙ, ШААРДЛАГЫН
ДАГУУ АЖИЛЛАСАН -

-Сайн байна уу, удаан хугацаанд хаалттай байсны эцэст үйл ажиллагааг нээхдээ улсаас та бүхэнд ямар заавар зөвлөмж, шаардлагыг хүргүүлсэн бэ?

Үйл ажиллагаагаа явуулаагүй нэлээд хугацаа өнгөрсөн тул ажлын байрны гадаад болон дотоод орчин, тоног төхөөрөмжийг цэвэрлэн, мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйтгэлийг хийлгэх. Цэвэрлэгээндээ хэрэглэх халдваргүйжүүлэх бодис, амны хаалт, гар ариутгагч, шингэн саван, гарын цаасан алчуур, цэвэрлэгээний бодисын нөөцийг мөн бүрдүүлэх. Ажилтан болон үйлчлүүлэгч нарынхаа биеийн халууныг хэмжих, амны хаалтыг зүүхийг шаардаж, дотоод хяналт тавих, биеийн халуун нь 37.1 хэмээс дээш байвал харьяаллын эрүүл мэндийн байгууллагад мэдэгдэж, зөвлөгөө авах ёстой гэж мэдэгдсэн. Мөн тэмдэглэлт арга хэмжээ зохиохыг хориглосон. Тэрнээс биш хүний тоо хэмжээ хязгаар заагаагүй.

-Тусгай зөвшөөрлийг цуцалж буй үндэслэлдээ талбайнхаа 50 хувийг ашиглах ёстой байсан зэрэг шалтгааныг дурдсан байсан. Тухайн үед танайх хэрхэн ажиллаж байсан бэ?

-Ер нь бол бидэнд ямар ч  албан бичиг, тусгай заавар зөвлөмж, шаардлага ирээгүй. Бүх мэдээлэл нээлттэй байсан учраас бид  мэдээллийн сайтаас  тавигдах шаардлагуудыг олж уншаад, бүрэн хэрэгжүүлсэн. Өнцөг булан  бүрдээ халдваргүйжүүлэлт, ариутгал хийлгэсэн. Тухайн компанитайгаа 14 хоног тутам ариутгал хийлгэх гэрээ хүртэл хийсэн. Үйлчлүүлэхээр ирсэн хүмүүсийн халууныг үзэж, гар ариутгагч , нэг удаагийн бээлий, амны хаалтаар хүртэл хангаж ажилласан. Бидэнд баталгаа болгох зураг нь ч бий. Дотор ороод үйлчлүүлж буй хүмүүстээ микрофоноор маскаа зүүхийг уриалсан уриалгыг ч хэлж байсан. Манайх арав гаруй жил тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байгаа газар. Өмнө нь олон ч удаа дүүргийнхээ Цагдаагийн газартай хамтарч нийгмийн хариуцлагын үйл ажиллагааг хэрэгжүүлсэн.

-Тухайн үед ойролцоогоор хэдэн хүн үйлчлүүлэхээр ирсэн бэ?

Яг нарийн тоо хэлэх боломжгүй ч ойролцоогоор 80-100 хүн ирсэн байх. Манайх 1200мкв хэмжээтэй 500 хүний багтаамжтай. Нийт талбайнхаа 50 хувийг ашиглах ёстой байсан бол тэр шаардлагыг ч зөрчөөгүй.

-Танай тусгай зөвшөөрлийг цуцаллаа гэж мэдэгдсэн. Ямар үндэслэлээр ийм шийдвэр гаргасан байна вэ?

-Яг одоогоор албан бичиг, шийдвэр нь ирээд манайхыг битүүмжилсэн юм бол алга. Ням гаригт гэнэт л танайх олон хүн цуглуулсан байна цуцаллаа гээд мэдэгдсэн. Манайхыг цаг хэтрүүлэн ажилласан гээд байгаа юм. Бямба гарагийн орой 23:40-д манайх дотор заалнаасаа хүмүүсээ гаргаж 00:00 гэхэд хаасныг Нийслэлийн цагдаагаас, Сүхбаатар дүүргийн цагдаа ирж шалгаад явсан. Мөн олон хүн бөөгнөрүүлсэн гэж яриад байгаа юм. Үнэндээ бааранд 1,5 метрийн зай баримтална гэдэг бол боломжгүй зүйл. Энэ бол цэвэр үйлчлүүлж байгаа хүмүүсийн хариуцлагын асуудал. Үйл ажиллагаа явуулж байгаа газрын хувьд бид шаардлагын дагуу ажиллаж, халдвар хамгаалалтыг өндөр хэмжээнд сахисан.

-БААР Ч ГЭСЭН МОНГОЛ УЛСЫН НЭГ АЖ АХУЙ НЭГЖ,
ХҮМҮҮСИЙН АМЬЖИРГАА БОЛДОГ-

-Хэдхэн цагийн өмнө архи согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагуудыг тодорхойгүй хугацаанд хаалаа. Энэ шийдвэрийг юу гэж харж байна вэ?

-Гаргаж байгаа шийдвэрийнх нь цаана олон хүний амьдрал яригдаж байгааг бодох хэрэгтэй. Манайд л гэхэд 21-50 насны 60 хүн ажилладаг. Тэр хүмүүс бүгд л энд ажиллаж ар гэрээ тэжээж яваа. Удирдлагын хувьд эдгээр ажилчдаа барьж, тогтоох асуудал тулгарч байна. Хэдийгээр үйл ажиллагаа зогссон ч гэсэн бага хэмжээний туслалцаа үзүүлж байсан. Нээх шийдвэр гараад “за одоо ажиллая” гэтэл дахиад гэнэт хаачихлаа. Тэр хүмүүс одоо дахиад л ажилгүй болчихлоо. Цаашдаа манайд ажиллах эсэх нь ч эргэлзээтэй. Дээрээс нь түрээсийн төлбөр гэх мэт дарамтууд цөөнгүй байна. Ямар ч тус дэм болоогүй байж, нээлээ, хаалаа, цуцаллаа гэж дарамт үзүүлж байгаад гомдолтой байна.

-Таны хувьд улсаас гаргасан шийдвэрүүдийг шударга бус гэж үзэж байна. Цаашдаа тусгай зөвшөөрлөө алдсан  талаараа ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна вэ?

-Ямар ч зөрчилгүй байхад тусгай зөвшөөрөл цуцална гээд байгааг л гайхаж байна. Одоогоор албан ёсны шийдвэрийг нь хүлээж байна. Тавьсан шаардлагыг бүрэн хангасан талаар нотлох зургууд бий. Цаашдаа адил нөхцөлд орсон байгууллагуудтай хамтрах бодол байна. Шаардлагатай бол шүүхэд хандана.

-Сургалтын төвийн үйл ажиллагааг нээгээгүй байж шөнийн цэнгээний газрыг нээлээ гэх шүүмжлэл байсан. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?

-Ер нь бол шат дараатай фитнесс, баар , сургалтын төвүүдийг нээх арга хэмжээ авч байна гэж ойлгосон. Сургалтын төвтэй адил бааранд ч бас хүмүүс ажилладаг, цалинждаг. Адилхан л үйлчилгээний байгууллага шүү дээ.

 -ЗАЛУУС ШӨНИЙН ЦЭНГЭЭНИЙ ГАЗАРТ ЗӨВХӨН
АРХИ УУХ ГЭЖ ОЧДОГГҮЙ-

-Бямба гарагийг орой лайв бичлэг хийсэн нь нэлээд хүмүүсийн бухимдлыг төрүүлэх шиг болсон. Энэ талаар тайлбар хэлээч?

-Нэгдүгээрт бид үйл ажиллагаа явуулж байгаа албан байгууллагын хувьд олон сарын дараа нээгдсэнээ үйлчлүүлэгчдэдээ мэдэгдэх зорилгоор тэр бичлэгийг хийсэн. Тэрнээс биш хүмүүсийг ирээч гэж уриалсан юм байхгүй. Бааранд орох эсэх нь хувь хүний өөрийнх нь сонголт шүү дээ. Зүгээр байсан хүнийг бид чирч авчраад бөөгнүүлээд байсан юм байхгүй. Хоёрдугаарт цахим орчинд баар, цэнгээний газруудыг нээсэн асуудлыг шүүмжилж байгаа хүмүүс ихэнхдээ нас тогтсон хүмүүс байгааг анзаарсан. Тэдний үе, одоогийн залуусын амьдрал тэс өөр гэдгийг тэр хүмүүс ойлгох хэрэгтэй. Залуус бааранд зөвхөн архи уух гэж очдог гэдэг нүдээр харж байгаа нь харамсалтай байна. Яг үнэндээ бааранд соёлтой хүмүүс л үйлчлүүлж байгаа. Гэр орон, гудамж талбайд архидан согтуураад байгаа хэрэг биш.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд согтууруулах ундаагаар үйлчилдэг шөнийн цэнгээний газар, ресторан, караоке нийт 3488 аж ахуй нэгж тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллагуудын цаана олон гэр бүл, иргэд байгааг санах нь зүйтэй. Тэд үйл ажиллагаагаа нээе гэж шахаж шаардсангүй. Төрөөс хаа гэхэд нь хариуцлагаа ухамсарлаад хаалттай байж, нээ гэхэд нь нээж үйл ажиллагаагаа явуулсан. Тавьсан шаардлагыг биелүүлсэн. Харин нийгмийн тодорхой хэсэгт шийдвэр нь таалагдаагүйн учир өнөөдөр дахиад хаах шийдвэрт хүрлээ. Энд шөнийн цэнгээний газрыг нээх, хаах шийдвэр зөв, буруу талаар дүгнэж байгаа юм биш. Дэлхий нийтээр хямралтай байгаа энэ үед Монголын төр засгийн бодлого, шийдвэр чухам ямар судалгаа шинжилгээнд тулгуурлан гарч, юунд зорьж байна вэ? Байгууллага, аж ахуй нэгж, ард иргэд шийдвэр гаргаж буй хэн нэгэн албан тушаалтны “туршилт” уу .