ТОДРУУЛГА: Дуучин Эгшиглэн өнгөрсөн онд хар тамхины хэргээр хоёр жил зорчих эрхээ хязгаарлуулах ял авчээ

ТОДРУУЛГА: Дуучин Эгшиглэн өнгөрсөн онд хар тамхины хэргээр хоёр жил зорчих эрхээ хязгаарлуулах ял авчээ

Дуучин Эгшиглэн буюу Т.Болортуяа хар тамхины хэргээр ял шийтгүүлсэн гэх мэдээлэл цахим сүлжээнд түгээд буй.

Энэ талаар холбогдох байгууллагаас тодруулахад, тэрбээр 2025 оны хоёрдугаар сард хамтран амьдрагчтайгаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж байх үедээ цагдаагийн байгууллагад саатуулагдсан байна.

Улмаар уг хэргийг 2025 оны зургаадугаар сард Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээр хэлэлцэн шийдвэрлэж, Т.Болортуяад хоёр жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулжээ. Тэрбээр одоогоор уг ялаа эдэлж байгаа аж.

Зорчих эрхийг хязгаарлах ял нь хүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр ажиллаж, сурч, хөдөлмөр эрхлэх боломжийг хадгалдаг онцлогтой. Ял эдэлж буй иргэн байршил тогтоогч бүхий цахим бугуйвч зүүх бөгөөд уг төхөөрөмжийг санаатайгаар тайлах, гэмтээх, таслахыг оролдсон тохиолдолд хорих ялаар солих хүртэлх хуулийн хариуцлага хүлээдэг. Ташрамд дурдахад, дуучин Эгшиглэн нь 2018 онд “Ice Top” хамтлагийн дуучин Коби буюу С.Чулуунбаярын хамт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэрэгт холбогдон шүүхээр шийтгүүлж байсан юм.