Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3-р хороонд байрлах “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн Өндөр даралтын турбин цехэд энэ сарын 1-2-нд шилжих шөнө гал гарч, эрдэнэт хүний амь нас эрсдэж, нэг хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа билээ. Мөн ослын улмаас станцын өндөр даралтын цехийн есдүгээр турбины генератор дэлбэрч, гэмтсэн ноцтой асуудал үүссэн.
Тэгвэл тухайн эвдэрсэн турбин агрегатыг солих иж бүрдэл нь ОХУ-д бэлэн байгаа бөгөөд ослын улмаас учирсан хохирлыг арилгахад иж бүрэн дэмжлэг үзүүлэх саналыг Монголын талд тавьсан байна.
Энэ талаар тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиков цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ. Тэрбээр "Осол гарсны маргааш ОХУ-ын эрчим хүчний салбарт тэргүүлэгч «Уралын турбины үйлдвэр» компанийн удирдлагууд ослын улмаас учирсан хохирлыг арилгахад иж бүрэн дэмжлэг үзүүлэх саналыг Монголын талд тавьсан. Тодруулбал, ослын улмаас учирсан хохирлыг цаг алдалгүй арилгах зорилгоор «Уралын турбины үйлдвэр» ХК-иас өмнө нь хийж гүйцэтгэсэн техникийн бүтээн байгуулалтын ажилд тулгуурлан «ДЦС-3»-ыг түргэн, бүрэн сэргээн засварлах арга замыг тодорхойлохоор «ДЦС-3»-д техникийн мэргэжилтнүүдийг яаралтай илгээхэд бэлэн байна гэсэн. Мөн ДЦС-3-ын эвдэрсэн турбин агрегатыг солих иж бүрдэл нь ОХУ-ын нутаг дэвсгэр дээр бэлэн байгаа бөгөөд хамгийн богино хугацаанд Монгол Улсад нийлүүлж, угсарч, ашиглалтад оруулах боломжтой гэсэн байна. Гагцхүү монгол нөхдийн зөвшөөрөл л хэрэгтэй" хэмээжээ.