ОБЕГ-ын дэргэдэх “Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв-119 дүгээр анги”-ийн шинэ төв өнөөдөр /2025.06.12/ ашиглалтад орж, нээлтээ хийлээ.
Нээлтийн арга хэмжээнд Аляскийн үндэсний гвардын адьютант, Торренс Сакс, Шадар сайд С.Амарсайхан, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган, болон ОБЕГ-ын удирдлагууд оролцсон юм.
Шинэ төвийг АНУ-ын 2.0 сая ам.долларын буцалтгүй тусламжаар барьсан бөгөөд газар хөдлөлтийн 9 баллд тэсвэртэй, иж бүрэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэлтэй, онцгой байдлын бие бүрэлдэхүүн дадлага сургуулилтаа зохион байгуулах бүрэн боломжтой гэдгийг албаныхан онцолж байна.
Тус барилга ашиглалтад орсноор гамшиг, ослын үед иргэдэд мэдээлэл хүргэх, шуурхай удирдлага зохион байгуулах, эрсдэлийг бууруулах чиглэлээр үйл ажиллагааны хүртээмж, үр нөлөөг нэмэгдүүлэх чухал алхам болох юм.