Улсын Их Хурал, Засгийн газрын бодлого, шийдвэр, тавьсан зорилго, зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлэх, төрийн өмчит компанийн засаглалыг олон улсын жишигт нийцүүлэх үүднээс Монгол Улсын Засгийн газраас Азийн Хөгжлийн Банктай хийсэн хэлэлцээрийн хүрээнд тус банк, Сангийн яам болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хамтран Баялгийн сангийн хэрэгжилт, төрийн өмчийн шинэчлэлд дэмжлэг үзүүлэх Техникийн туслалцааны төслийн хүрээнд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон Азийн хөгжлийн банк хамтран “Төрийн өмчит компанийн засаглал, олон улсын туршлага, цаашдын чиг хандлага” сэдэв сургалтыг 2025.06.12-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Сургалтад төрийн захиргааны болон төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудаас нийт 21 байгууллагын 84 удирдах шатны албан хаагчид хамрагдлаа. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Төрийн өмчит компаниуд нь манай улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 35 гаруй хувь, Төсвийн орлогын 20 гаруй хувийг бүрдүүлж байгаа нь улсын эдийн засагт томоохон байр суурь эзэлж байгааг ба Төрийн өмчит компаниудын нийт хөрөнгийн өгөөж 2020 онд 0.4%-тай байсан бол 2024 оны гүйцэтгэлээр 9.6%-тай болж сайжирсан эерэг үзүүлэлттэй гарсан хэдий ч цаашид бид эдгээр үзүүлэлтүүдийг тогтвортой хадгалж ажиллах, Төрийн өмчит компаниудын засаглал, ил тод байдлыг сайжруулах, үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх асуудал нь бидний зорилт болон тавигдаж байгааг онцлоод, “Алсын хараа – 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, тус хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төрийн болон орон нутгийн өмчийн удирдлагын нэгдмэл байдлыг хангах, улс төрөөс хараат бус, нээлттэй, ил тод, зах зээлийн зарчмаар үйл ажиллагаа явуулах тогтолцоог бүрдүүлэх талаар туссан зорилтуудын дагуу Засгийн газрын зүгээс холбогдох ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа ажлууд болон төрийн өмчит компанийн талаар авч хэрэгжүүлж байгаа хууль эрх зүйн орчны шинэчлэлийн асуудлаар сургалтад оролцогч нарт мэдээлэл өглөө.
Тус сургалтыг Азийн Хөгжлийн Банкны гадаад зөвлөх, Төмчийн Компанийн шинэчлэл, засаглал, ТХХТүншлэлийн эксперт ноён Кристфер Рашель ТУЗ-ийн олон талт болон үр дүнтэй байдал, ТУЗ-ийн гишүүний чиг үүргийн асуудал, Нийтийн үйлчилгээний үүргийн Төрийн өмч гэж юу вэ?, ТУЗ-ийн гишүүн, Гүйцэтгэх удирдлагын сонгон шалгаруулалт, ажлын үр дүнг үнэлэх асуудал, Төрийн өмчит компанийн засаглалын цаашдын чиг хандлага зэрэг 5 модуль сэдвээр удирдан явууллаа. Энэхүү сургалт нь Төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүд, Гүйцэтгэх удирдлагыг чадавхжуулах, тогтмол мэргэшил дээшлүүлэх сургалтад хамруулах, цаашид сургагч багш бэлтгэх үндсэн суурь нөхцөлийг бүрдүүлж байгаагаараа онцлогтой байна.