Итали улсын АНСА, Монгол Улсын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг Итали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран гаргасан гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Монгол Улсын Гадаад харилцааны яаманд энэ сарын 9-нд болжээ.
Монгол Улс, Итали Улс дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойд зориулан энэхүү үзэсгэлэнг толилуулж байгаа юм. Хагас зуу гаруй жилийн түүхтэй хоёр улсын дипломат харилцааны онцлох үйл явдлуудыг гэрэл зургаар харуулсан үзэсгэлэнг энэ сарын 11-нээс Улаанбаатар хотын Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд дэлгэсэн байна.
Энэхүү үзэсгэлэнд хоёр улсын хамгийн чухал албан ёсны уулзалтууд төдийгүй Итали, Монгол хоёр улсыг байгаль, архитектур, соёлын уламжлалын хувьд нэгтгэж буй олон ижил төстэй талуудыг онцлон харуулсан гэрэл зургуудыг дэлгэжээ. Ижил төстэй эдгээр тал нь эртнээс улбаатай нөхөрлөлийн илэрхийлэл юм.