Үндэсний Статистикийн хороо өнгөрсөн тавдугаар сарын нийгэм, эдийн засгийн зарим үзүүлэлтийн талаар танилцууллаа. Өнгөрсөн тавдугаар сарын байдлаар инфляц улсын хэмжээнд 8.3 хувьтай гарлаа. Өнгөрсөн тавдугаар сарын бараа, үйлчилгээний үнийг өнгөрсөн мөн үетэй харьцуулахад барааны бүлгийн үнэ 5,5 хувиар өссөн бол үйлчилгээний бүлгийн үнэ 17,3 хувиар тус тус өссөн байна.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд:
- Хүнсний бараа, ундаа, ус- 5,6 хувиар,
- Согтууруулах ундаа, тамхи-3,9 хувиар,
- Хувцас, бөс бараа, гутал-9,0 хувиар
- Орон сууц, ус, цахилгаан, түлш-21,5 хувиар
- Боловсролын үйлчилгээ-18,2 хувиар
- Зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээ-14,0 хувиар тус тус өссөн нь бараа, үйлчилгээний үнийн өсөлтөд голлон нөлөөлжээ.
Өнгөрсөн сарын байдлаар төлбөрийн тэнцэл 490,5 сая ам.долларын алдагдалтай гарлаа. Харин нөгөө талд улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний таван сард 11,4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 11,6 хувиар буурчээ. Мөн нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ 11,0 их наяд төгрөгт хүрч, 9,2 хувиар нэмэгдэж, төсвийн тэнцэл 259,9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа.