Гаалийн ерөнхий газраас өнөөдөр /2025.06.18/ гаалийн зарим байцаагчийг Авлигатай тэмцэх газраас шалгасантай холбоотой тайлбар мэдээлэл өглөө.
ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх аюулгүй байдлын газрын дотоод хяналт шалгалтын хэлтсийн дарга Л.Очгэрэл “Сангийн сайд 2023 онд Гаалийн байгууллагын бүтцэд дотоод хяналтын нэгжийг бий болгосон. Тус нэгж нь албан хаагчдын сахилга, ёс зүйн зөрчил, албан хаагчдын хууль эрх ёсны эрх ашгийг хамгаалах үндсэн үүрэгтэй. Тус хэлтэс 2023 онд албан хаагчийн сахилга ёс зүйтэй холбоотой 172 алба хаагчийг шалгаж, 49 албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулсан. 2024 онд 142 алба хаагчийг шалгаж, 72 алба хаагчид сахилгын шийтгэл оногдуулсан байна. Харин энэ оны эхний таван сарын байдлаар 36 алба хаагчийг шалгаж, 16 алба хаагчид арга хэмжээ авчээ. 2023 онд нийт бүртгэгдсэн алба хаагчтай холбоотой асуудлын 60 орчим хувь нь татвараас зайлсхийх, албан тушаалын гэмт хэрэг байсан. Харин одоо бол ихэнх нь ажил таслалт, ёс зүйн асуудал болсон. Үүнээс дүгнэхэд дотоод хяналтын нэгж байгуулагдсан нь үр дүн авчирсан гэж бид дүгнэж байгаа юм. Мөн 2023 оны арваннэгдүгээр сарын 15-нд цахим мэдээллийн хуудаст гарсан гаалийн байгууллагын чинээлэг баячууд гэсэн агуулгатай мэдээлэл. Энэ мэдээллийн дагуу шалгаж, өчигдөр манай хэлтэст хариу ирсэн. Шалгалтын үр дүнгээр шалгагдаж байгаа 13 албан хаагчид авлига, ашиг сонирхлын зөрчил тогтоогдоогүй. Харин гурван албан хаагч мэдүүлэгтээ гэр бүлийн хөрөнгө орлогыг дутуу мэдүүлсэн гэдэг зөрчил илэрсэн байна. Үүнд холбогдох хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл ногдуулсан байгаа” гэв.