Энхийг сахиулагчдад НҮБ-ын медаль гардуулав

Энхийг сахиулагчдад НҮБ-ын медаль гардуулав

БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний XIV ээлжийн мотобуудлагын батальоны энхийг сахиулагчдын нэг "Арвай" баазын дайчин нөхдөд НҮБ-ын медаль гардуулах ёслолын ажиллагаа зохион байгуулагджээ.

Энэхүү хүндэт медаль нь энхийн төлөө, хүн төрөлхтний аюулгүй амар амгаланг сахин хамгаалахад оруулсан хувь нэмрийг нь үнэлсэн олон улсын эрх зүйн томоохон хүлээн зөвшөөрөл бөгөөд Монгол дайчдын ур чадвар, сахилга, хариуцлагатай байдлыг дахин баталсан үйл явдал боллоо.

Ёслолын үеэр НҮБ-ын удирдлагууд, холбоотон орнуудын төлөөлөгчид оролцож, Монгол дайчдын үүргээ нэр төртэй биелүүлж буйг онцлон тэмдэглэжээ. Монгол Улс 2002 онд цэргийн ажиглагч анхны хоёр офицероо Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад энхийг дэмжих ажиллагаанд илгээснээс хойш төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчид хүн төрөлхтний энх тайван, аюулгүй байдлын төлөө үйлсэд оролцож байгаа юм. Тэр цагаас хойш өдгөөг хүртэл 23 дахь жилдээ 23 мянган офицер, алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд оролцсон байна.