Элсэлтийн шалгалттай холбоотой асуудалд Боловсролын сайд П.Наранбаяр тайлбар, мэдээлэл өглөө.
Тэрээр "Элсэлтийн шалгалттай холбоотой нэлээд хэл ам гарлаа. Ялангуяа, математикийн шалгалт дээр 1000 бодлогын номоос орж ирсэнгүй, хүндэдлээ гэж шүүмжиллээ. Тиймээс бид Боловсролын үнэлгээний төвийнхнийг дуудаж, өгсөн бодлогуудыг харлаа. Хүүхдүүдэд шалгалтдаа бэлдэх боломж олгож, Боловсролын үнэлгээний төвөөр дамжуулан 1000 бодлогыг гаргасан. Энэ нь математикийн үндсэн зарчим, тавилтыг харах, энэ бодлогууд дотроос сонгодож ирнэ гэсэн итгэл олгохыг зорьсон. Эндээсээ ирсэн. Гэхдээ 40 бодлого ирсэн.
40 бодлогын хариуг цээжилсэн тохиолдолд тестээр авч буй шалгалт утгагүй болох учир өгөгдлүүдийг өөрчилсөн хэлбэрээр оруулсан. Энэ талаар сургуулиудад урьдчилж мэдэгдсэн. Шалгалт ямар үр дүнд хүргэснийг зарим тоо баримтаар хэлье. Математикийн шалгалтыг 2023 онд 100 хувийн гүйцэтгэлтэй өгсөн хүүхдийн тоо 26 хувь, 2024 онд 24.3 хувь, 2025 онд 20 хувь болсон байна. Энэ нь хэмжээст оноо буюу 800 оноонд шилжүүлэхэд дундаж нь 20 хувийн гүйцэтгэлтэй байхад 500 оноо авна. Тэгэхээр 490-ээс дээш оноотой хүүхэд их, дээд сургуульд элсэх эрхээ авна. Математикийн шалгалт өгсөн нийт хүүхдийн 52 хувь нь 490-ээс дээш оноотой буюу их, дээд сургуульд элсэх эрхээ авсан байна. Энэ нь жил жилийн дундажтай ойролцоо байна" гэв.
Мөн улсын хэмжээнд 38 хүүхэд 800 оноо авсан байна. Жилийн өмнө 31 хүүхэд 800 оноо авч байжээ.