Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2025.06.25/ боллоо. Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг сайд нар танилцууллаа. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн улаанбурхан өвчний эсрэг авах арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан нийт тохиолдол 8000 гаруй тохиолдол батлагдсан байсан. Харин энэ долоо хоногт 9000 гаруй тохиолдол батлагдаад байна. Нэг сайн мэдээ байгаа нь эндэгдэл бүртгэгдээгүй. Иймд улаанбурхан өвчний халдварыг хумих, тархалтыг бууруулах, вакцинжуулалтыг нэмэгдүүлэхээр Засгийн газрын нөөц хөрөнгөөс 5 тэрбум төгрөг гаргах шийдвэр гаргалаа. Ингэснээр цэцэрлэг сургуулийн насны хүүхдүүдийг нөхөн дархлаажуулах ажил эрчимжинэ гэж үзэж байна. Удахгүй Улсын их баяр наадам болох гэж байна. Иймд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ вакциндаа идэвхтэй хамруулах, анхаарах шаардлагатай байна.10-15 насны хүүхдүүд улаанбурхан өвчнөөр илүү их өвчилж байна. Учир нь тэдний улаанбурхан өвчний вакцины дархлаа суларсан. Иймд 10-15 насны хүүхдүүд хамрагдахад буруудахгүй. Үндэсний их баяр наадмаар өвчлөлийн тохиолдол нэмэгдэх эрсдэлтэй. Мөн ЦЕГ, ТЕГ зэрэг байгууллагуудтай хамтран вакцины эсрэг худал мэдээлэл тараавал арга хэмжээ авах болно. Улаанбурхан өвчний эсрэг вакциныг 1973 оноос хойш хэрэглэж байна. энэ бол шинэ зүйл биш шинжлэх ухаанаар батлагдсан” гэв.